Усны тухай хэлэлцүүлгээс зөвлөмж гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-24 12:35:36

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоог хангах нь“ сэдэвт хэлэлцүүлгийг Орхон – Чулуут голын сав газрын захиргаанаас зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээс салбаруудын уялдаа холбоог сайжруулах, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг бодитой  хийх, усны чанар аюулгүй байдалд тавих хяналт, шинжилгээний үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлэх, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болох, уст цэгүүдийг хамгаалах, нөхөн сэргээх, худаг шинээр гаргах засварлах ажилд сав газрын төлөөллийг оролцуулж хүлээн авах, Цэцэрлэг хотод шинээр барих цэвэрлэх байгууламжийн ажлыг даруй эхлүүлэх, иргэд, олон нийтэд ус,  орчны эрүүл ахуйг сайжруулах, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх талаар мэргэжлийн байгууллагуудын оролцоотой зохион байгуулах сургалт, сурталчилгааны ажлыг тогтмолжуулах нь зүйтэй байна гэсэн зөвлөмжийг гаргажээ.

Тус хэлэлцүүлгийг БОАЖЯ-ны харьяа Орхон – Чулуут голын сав газрын захиргаа ДЗОУБ-ын Архангай 1, 2 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран  03 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд явуулсан бөгөөд аймгийн бодлого баригч холбогдох байгууллагууд, багш, сурагчид гээд өргөн хүрээг хамарсан юм.

Б.Гэрэлт-Од

関連ニュース