Их Британи "Brexit"-ийн захидлыг ЕХ-нд илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-29 11:35:17

ЛОНДОН. /Nikkei/. Европын Холбооноос /ЕХ/ гарах асуудлаарх хэлэлцээг /Brexit/ хийж эхлэх хүсэлтээ Их Британи улс өнөөдөр албан ёсоор тус холбоонд мэдэгдэнэ. Энэ нь тус бүс нутгийн эвслийн түүхэн дэх хамгийн амаргүй хэлэлцээ болох төлөвтэй байна.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Brexit”-ийн хэлэлцээг хийж эхлэхийн тулд Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускт өнөөдөр захидал илгээнэ. Д.Туск захидлыг хүлээж авснаас хойш 48 цагийн дотор ЕХ-ны бусад 27 гишүүн улс оронд Их Британийг эвслээс гаргах асуудлаарх хэлэлцээний удирдамжийг илгээх аж.

Өнгөрсөн оны зургадугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар британичууд ЕХ-ноос гарах шийдвэр гаргасан билээ. Тус улс бол ЕХ-ноос гарах шийдвэр гаргасан анхны томоохон эдийн засаг юм.

Үүнээс өмнө 1985 онд Данийн Гренландын автономит бүс нутаг Европын хамтын нийгэмлэгээс /ЕХ-ны өмнөх нэр/ гарч байжээ.

ЕХ-ноос гарсны дараа Их Британид гаалийн тариф болон бусад асуудалд адил тэгш боломж олгуулахыг Т.Мэй эрмэлзэж байна.

Харин бусад гишүүн улс орон Их Британийг даган эвслээс гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс ЕХ-ны албаны хүмүүс хатуу байр суурь баримтлах бололтой.

Их Британийг ЕХ-ноос албан ёсоор гаргах асуудлаарх хэлэлцээ тавдугаар сараас хэтрэлгүйгээр эхэлж магадгүй бөгөөд талууд хоёр жилийн дотор эцсийн шийдвэрийг гаргах ёстой.

Г.Доржханд

 

関連ニュース