Дөрвөн нам Арменийн парламентад суудалтай болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН./BBC/. Сонгуулийн санал авах байрнаас сонгогчид гарч ирэх үед санал асуулга явуулахад Арменийн парламентын сонгуульд хамгийн олон саналыг одоогийн эрх баригч нам авчээ гэж “Армений мэдээ” агентлаг мэдээллээ.
Санал хураалтын байрнаас гарч ирсний дараах санал асуулгын дүнгээр Бүгд Найрамдах нам 46 хувийн санал авсан бол бизнес эрхлэгч Гагик Царукя-ы тэргүүлдэг “Царукян” эвсэл 25 хувийн санал авч удаалжээ.
Санал асуулгаар, уг хоёр улс төрийн хүчнээс гадна 10 хувийн санал авсан “Елк” эвсэл, мөн 5 хувийн саналаар Арменийн хувьсгалт “Дашнакцутюн” холбоо Үндэсний хуралд /парламент/ суудалтай болж байгаа аж.
Сонгуульд оролцсон бусад таван улс төрийн хүчин Үндэсний хуралд суудал авахуйц тооны санал авч чадаагүй байна.
Арменийн Сонгуулийн төв комиссын мэдээгээр, парламентын сонгуулийн ирц 60,86 хувьтай байсан буюу 1 574 947 сонгогч саналаа өгчээ.
Дээрх санал асуулгыг 125 санал авах байранд явуулсан бөгөөд 30 мянган хүн оролцсон байна.
Хууль тогтоох байгууллагад орохын тулд намууд 5 хувийн босгыг давах ёстой бол эвслүүд 7 хувийг авах ёстой юм.
Ням гарагт сонгуулийн санал хураалт санал авах 2000 гаруй байранд явагджээ. Парламентын энэ удаагийн сонгууль нь тус улсын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулснаас хойш анх удаагаа болж буй сонгууль юм. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр хагас Ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглалд шилжиж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хумьж, Ерөнхий сайд болон парламентад илүү их эрх мэдлийг шилжүүлж байгаа юм.
Энэ сонгуулийн дүнгээс хууль тогтоох байгууллага, Засгийн газрын хувь заяа хамаараад зогсохгүй дараагийн Ерөнхийлөгч хэн болох нь шийдэгдэх юм. Учир нь, одоогийн Ерөнхийлөгч Серж Саргсяны бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусах бөгөөд шинэ төрийн тэргүүнийг Үндэсний хурлаас сонгоно.
4 дүгээр сарын 2-ны энэ сонгууль шинэ тогтолцоогоор буюу хувь тэнцүүлэх зарчмаар явагдаж байгаа ба Үндэсний хуралд сонгогдох депутатууд намын жагсаалтаар, 13 тойрогт намаас гаргасан нэр дэвшигчдийн жагсаалтаар сонгогдох юм. Сонгуулийн дүнд тогтвортой олонхи бүрдэх ба парламентын суудлын 54 хувийг авсан нам болон эвсэл Засгийн газраа байгуулах эрхтэй болох ажээ.
Өөрөөр хэлбэл, улс төрийн хүчин нь нэг бол сонгуулиар хангалттай тооны санал авах, эсвэл сонгууль болсноос хойш зургаан өдрийн дотор эвсэл байгуулах ёстой.
Ингэж чадаагүй тохиолдолд тэргүүлж буй хоёр нам эсвэл эвслийн дунд сонгуулийн хоёрдахь үе шатны санал хураалтыг сонгууль болсноос хойших 28 дахь өдөр явуулна.
О.Барс