Умард Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харвалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭСӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос зүүн нутгийн боомт хот болох Синпогоос өнөө өглөөний 6:42 цагийн үед Япон тэнгис рүү нэг баллистик пуужин харвалаа гэж АНУ болон Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдэгдсэнээр, уг пуужин 60 орчим км зам туулжээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Дээд хэмжээний уулзалт хийхээс нэг өдрийн өмнө Умард Солонгос пуужингийн ээлжит туршилтаа хийлээ.
Хоёр улсын удирдагчид Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хэрхэн зогсоох арга замыг хэлэлцэх юм.
НҮБ пуужингийн болон цөмийн туршилт хийхийг Умард Солонгост хориглосон билээ.
АНУ-ын армийн Номхон далайн командлалын мэдэгдсэнээр, сүүлд харвасан пуужин нь “KN-15” гэдэг дунд тусгалын баллистик пуужин байж магадгүй. АНУ болон Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс пуужингийн талаарх мэдээллийг цуглуулж байгаа аж.
Өнгөрсөн сард Умард Солонгос Япон тэнгис рүү дөрвөн баллистик пуужин харвасан юм. Үүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэл хийхдээ “Умардын аюул заналхийлэл шинэ шатанд гарлаа” гэсэн билээ.
Г.Доржханд