Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь Асадтай холбоотой гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРИДЛИБ./BBC/. Сирийн хойд нутагт химийн зэвсгийн довтолгоо хийж, 58 хүний аминд хүрсэн хэргийн ард Башар аль-Асадын засгийн газар байгаа нь тодорхой гэж Цагаан ордон мэдэгдлээ.
Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч байгууллагын мэдээлснээр, Хан-Шейхун хотыг онилсон Сирийн арми болон Оросын агаарын цэргийн хүчний дайралтын улмаас олон хүний амьсгал боогдон нас баржээ.
Дайралтаас амьд үлдсэн хүмүүсийг эмчилж байсан орон нутгийн эмнэлэг рүү нисэх онгоцноос пуужингаар харвасан гэж эмнэлгийн ажилтнууд болон босогчид ярьсан байна.
Харин Сирийн эрх баригчид мэдэгдэхдээ "Сирийн арми химийн зэвсэг хэрэглээгүй" гэж няцаалаа.
Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ “энэ бол Башар аль-Асадын дэглэмийн жигшүүрт үйлдэл" гэж буруушаажээ.
“Башар аль-Асад хэрхэн ажиллаж байгаа нь тодорхой байна. Энэ бол ичгүүргүй зэрлэг балмад явдал” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хэлсэн байна.
Англи, Франц, НҮБ болон бусад улс, байгууллагууд уг явдлыг зэмлэн буруушаалаа. Хэрвээ уг үйл явдал болсон нь батлагдвал, Сирийн иргэний дайны явцад химийн зэвсэг хэрэглэн, хамгийн олон хүний аминд хүрсэн тохиолдол болох юм.
Х.Сарнай