С.Бэннон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэх байр сууриа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-06 09:55:41

ВАШИНГТОН./Xinhua/.Цагаан ордны ерөнхий стратегич Стивен Бэннон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ дэх суудлаа алдсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

ҮАБЗ-ийн гишүүдийн гүйцэтгэх үүргийн талаар тусгасан Үндэсний аюулгүй байдлын ерөнхийлөгчийн санамж бичигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт өөрчлөлт оруулжээ. Уг өөрчлөлтөд С.Бэннон тус зөвлөлд ямар нэгэн үүрэг гүйцэтгэх тухайд дурдаагүй байна.

Харин ҮАБЗ-ийн уулзалтын үеэр хэлэлцэх асуудлууд болон Дотоодын аюулгүй байдлын зөвлөх Том Боссерт хяналт тавих ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х. Р. Макмастерт даалгажээ.

Д.Трамп нэгдүгээр сард тангараг өргөснийхөө дараахан С.Бэннонд ҮАБЗ-д ажиллах эрх олгосон юм. Цагаан ордны ахлах зөвлөхүүдэд тус зөвлөлд ажиллах эрх олгож байсан тохиолдол үүнээс өмнө бараг гарч байгаагүй бөгөөд энэ томилгоо нь ихээхэн маргаан дагуулж байсан билээ.

Үндэсний аюулгүй байдлын ерөнхийлөгчийн санамж бичигт оруулсан өөрчлөлтийн дагуу С.Бэннон ҮАБЗ-ийн хурлуудад оролцож болох боловч тус зөвлөлийн бүх хуралд заавал оролцох шаардлагагүй аж.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн тайлбарласнаар, ийм өөрчлөлт оруулсан нь С.Бэннонийг тушаал бууруулсан хэрэг биш бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Майкл Флиннд хяналт тавихын тулд түүнийг тус зөвлөлд суулгаж байсан аж.

Нэгдүгээр сарын 20-нд болсон Д.Трампын тангараг өргөх ёслолоос өмнө М.Флинн Оросын Элчин сайдтай  утсаар ярьсан нь дипломат маргааны асуудлаар гадаад улс орнуудын төлөөлөгчидтэй АНУ-ын иргэн холбогдож, яриа хэлэлцээ хийхийг хориглох тухай хуулийг зөрчжээ. Ийм шалтгаанаар М.Флиннийг хоёрдугаар сард огцруулж, түүний оронд Макмастерыг томилсон билээ.

Г.Доржханд

 

関連ニュース