Си-Трампын анхны нүүр тулсан уулзалтын үеэр хэлэлцэх 5 асуудал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-06 15:02:36

ВАШИНГТОН./AFP/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Флорида муж улс дахь өөрийн хувийн амралтын газартаа өнөөдөр хүлээн авч уулзана. Улс төрд хөл тавихаасаа өмнө үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг байсан тэрбумтан Д.Трамп 11 дүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш хоёр улсын удирдагчид олон асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа юм.

Тэд анхны нүүр тулсан уулзалтынхаа үеэр дараах асуудлуудыг онцгойлон авч хэлэлцэж магадгүй.

Умард Солонгос

Умард Солонгос өчигдөр ээлжит пуужингийн туршилтаа хийхээс ч өмнө Пхеньяны цөмийн зэвсгийн хөтөлбөр Трамп-Сигийн Дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөгдөх гол сэдэв гэж шинжээчид үзэж байсан юм.

Умард Солонгос нь гол холбоотон болох Бээжингээс эдийн засгийн хувьд ихээхэн хамааралтай байдаг учир Пхеньяныг шийтгэхэд “хүч нөлөөгөө ашигла” гэж Хятад улсад Вашингтон эртнээс шахалт үзүүлсээр ирсэн билээ.

Хөршийнх нь “зохисгүй зан байдал” тэвчээрийг нь барж байгааг Бээжин илэрхийлсээр байгаа хэдий ч Пхеньянд хэт их шахалт үзүүлэхийг хүсэхгүй байна. Учир нь Умард Солонгосын дэглэм нуран унавал Хятадын хил дүрвэгчдийн цуваанд дарагдахад хүрэх юм.

Өнгөрсөн сарын сүүлчээр Д.Трамп твиттер хуудсандаа “хэрвээ Пхеньяныг хазаарлахад Хятад улс туслахгүй бол АНУ дангаараа Умардыг сөхрүүлэх болно” гэж бичсэн билээ.

Худалдаа

Экспортоос илүү ашиг хүртэхийн тулд “шударга бус” худалдааны бодлогууд хэрэгжүүлж, валютын ханшаа зохиомлоор сулруулж байна гэж Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Хятад улсыг удаа дараа шүүмжилж байв.

Ерөнхийлөгч болсноосоо хойш тэрбээр энэ сэдвийг нэг бус удаа хөндөж, хэрвээ өөрийн зах зээлдээ нэвтрэх боломжийг АНУ-ын компаниудад олгохгүй бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсад гаалийн өндөр татвар ногдуулна гэж анхааруулсан билээ.

Хятад улстай хийж буй АНУ-ын худалдааны алдагдал өнгөрсөн онд 310 тэрбум доллар болсныг Д.Трамп өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсандаа онцлон мэдэгдсэн юм. Энэ ноцтой асуудлаар Си-тэй хийх хэлэлцээ “амаргүй” байх болно гэж шинжээчид үзэж байна.

Тайвань

Д.Трамп Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэньтэй утсаар ярьсан нь Хятадын дургүйцлийг хүргэж, АНУ-ын хүндэтгэсээр ирсэн “Нэг Хятад” бодлогыг Д.Трамп үл ойшоох нь гэж Бээжин болгоомжилж байсан юм.

Харин хоёрдугаар сард Д.Трамп Си-тэй утсаар ярин “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэхээ илэрхийлэн Бээжингийн санааг амрааснаар байдал намжсан билээ.

Өмнөд Хятадын тэнгис

Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь өөрийн харьяаных гэж үзэж, маргаантай арлууд болон шүрэн арлууд дээр үйл ажиллагаа явуулж, цэргийн байгууламж барьж байгааг Вашингтон эрс шүүмжилсээр ирсэн юм.

Бүс нутгийн асуудалд их гүрний дээрэнгүй үзэл гаргаж хандахгүй байхыг Бээжинд Д.Трампын Засгийн газрын хэд хэдэн гишүүн, тэдний дотор Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон анхааруулаад “хэрвээ шаардлагатай гэж үзвэл олон улсын усан замын эрхийг хамгаалахын тулд АНУ хөндлөнгөөс оролцох болно” гэж байв.

Хүний эрх

Хүний эрх нь БНХАУ-АНУ-ын хувьд эртнээс санал зөрөлдөөнтэй байгаа асуудлуудын нэг юм.

Д.Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа хүний эрхийн асуудлаар Бээжингийн эсрэг хатуу чиг шугам баримтлахыг Хятадын тэрс үзэлтнүүд түүнээс хүсч байна.

Харин Ерөнхийлөгч Д.Трамп одоогоор энэ асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байна.

Г.Доржханд

 

関連ニュース