АНУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өнөөдөр хэлэлцээ хийнэ. Сирид АНУ пуужингийн цохилт өгснөөс хойш тэд анх удаагаа уулзах гэж байгаа нь энэ юм.
Р.Тиллерсон Италид болсон “Их-7” бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсоныхоо дараа өчигдөр Москва хотод хүрэлцэн иржээ.
Тэрбээр хэлэхдээ “АНУ болон түүний эвслийн түншүүдтэй хамтран ажиллах эсвэл Сирийн Ерөнхиийлөгч Башар аль-Асадын засаг захиргаатай түншлэн олон улсаас тусгаарлагдахын алийг нь сонгохоо шийдэхийг би Орост уриална” гэжээ.
Асадын засаг захиргаа энгийн номхон иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэн дайралт хийсэн гэж Вашингтон үзэж байгаа юм.
Харин АНУ пуужингаар цохилт өгснийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэмлэн буруушааж, пуужингаар цохилт өгснийг 2003 онд Иракт цэргийн ажиллагаа явуулснаа зөвтгөхийн тулд “Ирак үй олноор нь хөнөөх зэвсэг хэрэглэсэн” гэж АНУ мэдэгдэж байсантай харьцуулжээ.
Асадын засаг захиргаа химийн зэвсэг хэрэглэсэн гэх ямар ч нотолгоо байхгүй гэж Москва мэдэгдэхийн сацуу “АНУ пуужингаар цохилт өгсөн нь түрэмгийлэл бөгөөд олон улсын хуулийг зөрчсөн хэрэг” гэсэн байна.
Г.Доржханд