Дайн дэгдсэн тохиолдолд Хятад улс Умард Солонгост туслахгүй байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-04-14 16:39:12

ХОНКОНГ./TASS/. Америкийн зэвсэгт хүчин Умард Солонгост цохилт өгөхөөр шийдсэн тохиолдолд Хятад улс Пхеньянд туслахгүй байж магадгүй гэж South China Morning Post сонинд Хятадын шинжээчдийн дүгнэлтээс иш татан бичжээ.

Хэдийгээр Хятад-Умард Солонгосын хооронд Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээг 1961 онд байгуулсан боловч Пхеньяны хувьд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тохиролцоог мөрдөхөөс татгалзаж байгаа нь гэрээг зөрчсөн хэрэг юм.

Шанхай хотод ажилладаг шинжээч Ни Лэсюны үзэж байгаагаар, Америкийн цэргүүд Умард Солонгост нэвтрэн орсон тохиолдолд Хятад улс Умард Солонгост “онолын хувьд” тусалж болох боловч Пхеньяны эрх баригчид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчиж байгаа нь тусламж үзүүлэх эсэхээ Бээжин эргэцүүлэн бодоход хүргэх ажээ.

Үүний сацуу, өргөн хүрээтэй дайн дэгдэх магадлал бага байгааг Хятадын шинжээчид дурдаад “америкчууд хуурай замын цэргийн ажиллагаа явуулах нь юу л бол, тэд зөвхөн сануулга өгөх зорилгоор пуужингийн цуврал цохилт өгөх болов уу” гэж таамаглаж байна.

“Хэрвээ цэргийн мөргөлдөөн үнэхээр болох аваас Хятадын тал хоол хүнс, зэвсэг техник, түүний дотор хуучин танкуудаа Пхеньянд нийлүүлж туслах болов уу” гэж South China Morning Post сонинд бичжээ.

Тус сонинд дүгнэн бичсэнээр “Пхеньяны дэглэм нуран унасан тохиолдолд Хятадыг чиглэсэн дүрвэгчдийн урсгал нь Америкийн цэргийг Хятадын хилээс тусгаарлаж буй жийргэвч бүсийг /буфер бүс/ үгүй хийнэ гэж Бээжин болгоомжилж байгаа” аж.

Б.Адъяахүү 
関連ニュース