Махны чанар аюулгүй байдлыг шалгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул аймаг /МОНЦАМЭ/ Тус аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас өрнүүлсэн “Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд “Тээвэр Дархан” ХК-ийн харьяа “Шинэ зах”, “Буян хүнсний зах”-уудын махны чанар аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлтийн явцад холбогдох хууль дүрэм, стандартын хэрэгжилтийг шалгасан байна.
Шалгалтын үеэр махны лангуу вандан, агуулах, мах зөөвөрлөдөг тэрэг зэргээс 37 арчдасын шинжилгээ авахад 18 буюу 48,6 хувь нь гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч илэрчээ. Иймд илэрсэн уг зөрчлийг арилгуулахаар ажлын хэсгээс 10 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Мөн шалгалтын хэсгийнхэн Дархан хотын “Ижий хайпермаркет”, “Номин худалдааны төв”, “Олон улсын худалдааны төв” зэрэг томоохон үйлчилгээний төвүүдэд худалдан авагч, хэрэглэгчдэд чиглэсэн “Хүнсийг хэрхэн зөв сонгох вэ?”, “Хүнсний бүтээгдэхүүнийг шошголох, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт” зэрэг сэдвүүдээр яриа таниулга хийж зөвлөгөө өглөө” гэж аймгийн МХГ-аас мэдээллээ.
Б.Норовсамбуу