Умард Солонгосын пуужин харвах оролдлого бүтэлгүйтлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-16 07:08:15
ПХЕНЬЯН. /Yonhap/. Умард Солонгос өнөө өглөө үүрээр зүүн эргээсээ пуужин харвах оролдлого хийсэн боловч амжилтгүй боллоо гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдлээ.
Солонгосын хойгийн байдал улам хурцдаад байгаа энэ үед “ямар нэгэн өдөөн хатгасан үйлдэл гаргавал цөмийн зэвсгээр хариу цохилт өгнө” гэж АНУ-д анхааруулснаасаа нэг өдрийн дараа Пхеньян пуужин харвах оролдлого хийлээ.
Удирдагч агсан Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойг тохиолдуулан цэрэг армийн сүр хүчээ харуулахын тулд Умард Солонгос өчигдөр нийслэл Пхеньян хотдоо томоохон цэргийн парад зохион байгуулсан юм.
Тус улс хэдийн таван удаа цөмийн туршилт хийж, удаа дараалан баллистик пуужин харваад байгаа билээ.
Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдэгдэлд “Умард Солонгос өнөө өглөө үүрээр зүүн эргийн Синпо хот орчмоосоо үл мэдэх төрлийн пуужин харвах оролдлого хийлээ. Оролдлого амжилтгүй болсон байна. Ямар төрлийн пуужин байсныг нь албаны хүмүүс олж тогтоохоор ажиллаж байна" гэжээ.
Г.Доржханд
関連ニュース