Оюутан залуус нийтийн цэвэрлэгээнд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-16 19:38:23

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх  хүрээнд тус аймгийн бүх аж ахуй нэгж байгууллага өөрийн эзэмшлийн 50 метр газраа цэвэрлэж эхэлсэн бол оюутнууд энэ ажилд нэгдлээ.
Дархан хотын Захирагчийн албанаас эрхлэн аймгийн Оюутны холбоотой хамтарч уг цэвэрлэгээний ажлыг амралтын өдрүүдэд хийж байгаа нь энэ юм. Хотын Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх: “Жил бүрийн хавар цас хайлж дууссаны дараа цасан доороос гарч ирсэн хог, цаас, гялгар уут зэрэг хаягдлууд салхинд хийсч хотын орчин тойрныг бохирдуулдаг учраас цэвэрлэгээг оюутан залуучуудынхаа хүчээр хийдэг. Оюутнууд маань ч өөрсдөө цэвэр орчинд аж төрөхийг хүсч нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байна. Дархан хотын есөн их, дээд сургуульд нийт 8000 гаруй оюутан суралцаж байгаагаас 3000 гаруй залуус нийтийн цэвэрлэгээнд оролцож байна” гэв.
Энэ удаагийн цэвэрлэгээг хотын төвөөс зайдуу орчныг цэвэрлэж түүсэн хог цаасыг аймгийн НААҮГ-ын хог тээврийн машин шууд ачиж “Бараат хогийн цэг”-т буулгах ажлыг гүйцэтгэжээ.
                                                                                                                                                     Б.Норовсамбуу
関連ニュース