Америкийн цөмийн зэвсгийг Өмнөд Солонгост байрлуулахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. Америкийн шинэ засаг захиргаа одоогоор БНСУ-ын нутаг дэвсгэрт цөмийн зэвсгээ байрлуулахаар төлөвлөөгүй байна. Энэ тухай Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудад айлчилж буй АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенсийг дагалдан яваа Цагаан ордны гадаад бодлогын зөвлөх сэтгүүлчдэд мэдэгджээ.
Саяхан БНАСАУ баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбоотойгоор Цагаан ордны төлөөлөгчөөс "АНУ-ын Засгийн газар Солонгосын хойгийн өмнөд хэсэгт цөмийн зэвсэг байрлуулах талаар яригдаж байгаа юу" гэж асуухад “Солонгосын хойгоос цөмийн зэвсгээ гаргахын тулд асар их хүчин чармайлт гаргасан. Тийм болохоор одоогийн төлөвлөгөөнд цөмийн зэвсэг байрлуулах талаар тусгаагүй” гэж хариулсан байна.
Америкийн засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, зенитийн пуужингийн цогцолборыг /THAAD/ БНСУ-д байрлуулах асуудал нь ирэх 5 дугаар сард болох сонгуулиар тодрох БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөс хамаарах ажээ.
Газарт байрлах THAAD систем нь баллистик пуужингийн толгой хэсгийг нислэгийн даяллын дунд хэсгийн төгсгөлийн шатанд болон байнд ойртон ирэх үед нь илрүүлэн устгах зориулалттай. Энэхүү системийг ойрын зайн болон стратегийн баллистик пуужингийн довтолгооноос АНУ-ын холбоотнуудыг хамгаалахад ашигладаг байна. THAAD системийг байрлуулахыг Орос болон Хятад эрс эсэргүүцдэг билээ.
АНУ-ын эрх баригчдад байгаа мэдээгээр, БНАСАУ дунд зайн тусгалтай баллистик пуужин харвах гэж оролдсон боловч тэр нь хөөрснөөс хойш 4-5 секундийн дараа дэлбэрсэн байна. “Энэ нь тив алгасах баллистик пуужин биш, пуужин харвахаас өмнөх болон харвасны дараах байдлын талаарх тагнуулын хангалттай мэдээлэл бидэнд байгаа” гэж Пенсийг дагалдан яваа хүмүүсийн нэг нь ярьжээ.
Түүний өгсөн мэдээллээр, уг пуужин хөөрснөөс хойш 4-5 секундийн дараа дэлбэрсэн ба уг пуужинг 4 дүгээр сарын 5-нд “Пуккыксон-2” ангиллын дунд зайн тусгалтай баллистик пуужинг хөөргөсөн Синпо хотоос ойролцоох газраас харвасан байна.
О.Барс