Ж.Маккейн Умард Солонгосын эсрэг хүч хэрэглэхийг дэмжихгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-01 10:06:14
НЬЮ-ЙОРК./TASS/. Умард Солонгосын эсрэг хүч хэрэглэх нь аймшигтай үр дагаварт хүргэх ба АНУ үүнийг хамгийн сүүлчийн боломжит хувилбар гэж үзэх ёстой. Ийм үгийг АНУ-ын Конгрессын дээд танхимын Зэвсэгт хүчний хороог тэргүүлдэг сенатч Жон Маккейн ням гарагт CNN телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

"Д.Трампын Засаг захиргаа Пхеньяны эсрэг цэргийн хүч хэрэглэх шийдвэр гаргах магадлал бий юу" гэж түүнээс асуухад “ийм хувилбарыг байгаа боломжуудаас хамгийн сүүлд нь авч хэлэлцэх ёстой гэж би үзэж байна” гэж Маккейн хариулсан байна. Умард Солонгост байгаа ердийн зэвсэг нь Өмнөд Солонгосын олон сая хүнийг устгах аюултай гэдгийг тэрбээр онцлон тэмдэглээд “аймшигт цус асгаруулалт болох магадлалтай, тиймээс бид нар энэ асуудал дээр тун их болгоомжтой, сонор сэрэмжтэй байх ёстой” гэжээ.

Тэрбээр Ерөнхийлөгч Д.Трампт хандан, Умард Солонгост шахалт үзүүлэх өөрт байгаа бүхий л хөшүүргээ ашиглахыг зөвлөж, ийм хөшүүргийн нэг бол Хятад улс гэдгийг дурджээ. “Хятад улс их нөлөөтэй. Бид бооцооны дэнсэн дээр ямар их зүйл тавигдаж буйг Хятад улсад  тайлбарлан ойлгуулах ёстой” хэмээн Ж.Маккейн нэмж хэллээ. БНАСАУ-ын төрийн тэргүүнийг зарчмын хувьд шахалтад оруулах боломжтой, учир нь тэрбээр ухаан бодлогогүй хүн биш юм гэж тэрбээр үзэж байна.

Мөн бямба гарагт Конгрессын Дээд танхимын Гадаад харилцааны хорооны бүрэлдэхүүнд ордог сенатч Кристофер Кунс CNN телевизэд ярилцллага өгөхдөө "хэрвээ боломж олдвол Ким Жөн Ун-тай шууд хэлэлцээ хийх хэрэгтэй" гэжээ. Хятадтай хамтран ажиллах нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох эцсийн зорилгод хүрэх “цорын ганц бүтээлч зам” юм гэж тэрбээр үзэж байгаа аж.
О.Барс 

 

 

 

関連ニュース