Афганистаны арми “цочирдмоор их” хохирол амсч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН./VOA/.“Талибан" хөдөлгөөний зэвсэгт этгээдүүд болон бусад зэвсэгт бүлэглэлийнхэн Афганистаны Засгийн газрын армид цохилт өгөн “цочирдмоор их” хэмээний гарз хохирол учруулсаар байгаа төдийгүй улам өргөн нутаг дэвсгэрийг эзлэн авч байна. Энэ тухай даваа гарагт танилцуулсан Афганистаныг сэргээн босгох асуудал эрхэлсэн Тусгай ерөнхий ажиглагчийн газрын /SIGAR/ тайланд дурджээ.
Тус байгууллагын улирал тутмын тайланд тус улсын нутгийн хойд хэсэгт орших Мазари-Шариф хот дахь цэргийн томоохон бааз руу талибууд 4 дүгээр сарын 19-нд довтолсон тухай мэдээлэл байна. Албан ёсны мэдээллээр, дайралтын улмаас Афганистаны армийн 140 гаруй албан хаагч амиа алдсан гэж байгаа боловч бие даасан эх сурвалжуудын үзэж байгаагаар, амь үрэгдсэн цэргүүдийн тоо үүнээс хавьгүй олон байгаа юм.
SIGAR-ын ээлжит илтгэл нь талибуудын жил бүр явуулдаг “хаврын давшилтын ажиллагаа" эхлэхтэй зэрэг шахуу нийтлэгджээ. Амралтын өдрүүдэд талибууд тус улсын зүүн хойд нутагт дахин нэг тойргийг эзлэн авсан төдийгүй бусад бүс нутагт аюул учруулсаар байгаа юм.
“Афганистан улс цус асгаруулсан дайн тулааны талбар хэвээр байна. Талибан болон бусад зэвсэгт бүлэглэлүүдтэй тулалдаж буй Афганистаны батлан хамгаалах хүчний амсч буй хохирол цочирдмоор их байна. Энэ оны эхний зургаан долоо хоногийн хугацаанд 807 хүн амь үрэгдлээ” гэж SIGAR-ын илтгэлд дурдсан байна.
Тус байгууллагын тоон мэдээллээр, 2016 он гарснаас хойших 11 сарын хугацаанд нийтдээ 6785 афган цэргийн албан хаагч, цагдаа амиа алдаж, 11 777 хүн шархаджээ.
2017 оны 2 дугаар сарын 20-ны байдлаар Афганистаны Засгийн газрын хяналтанд тус улсын нутаг дэвсгэрийн 59,7 хувь буюу 407 тойрог байгаа аж. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын дунд үетэй харьцуулахад энэ тоо 2,5 хувиар нэмэгдсэн байна.
“Зэвсэгт этгээдүүдийн хяналт болон нөлөөнд байгаа тойргийн тоо энэ улиралд дөрвөөр нэмэгдэж 45 боллоо” гэж SIGAR мэдээлжээ.
О.Барс