Хунтайж Филипп энэ намраас олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-05 09:58:32
ЛОНДОН. /ВВС/. Их Британийн хатан хаан II Элизаветагийн нөхөр хунтайж Филипп энэ намраас олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхаар шийджээ.

Хунтайж Филипп нь ирэх сард 96 нас хүрэх юм.

Пүрэв гарагт хатан хааны гэр бүлийнхэн болон ордны албан хаагчид яаралтай хуралдаан хийсний дараа Букингемийн ордон мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Эдинбургийн гүн /хунтайж Филипп/ энэ оны наймдугаар сар хүртэлх хугацаанд болох арга хэмжээнүүдэд төлөвлөгөөний дагуу оролцоно. Харин есдүгээр сараас эхлэн ямар нэгэн арга хэмжээний урилга хүлээж авахгүй” гэжээ.

Мөн өөрийн тэргүүлдэг 780 гаруй байгууллагын үйл ажиллагаанд хунтайж Филипп цаашид идэвхтэй үүрэг гүйцэтгэж чадахгүй гэж Букингемийн ордон мэдэгдлээ. Энэ шийдвэрийг хатан хаан бүрэн дэмжсэн байна.

Хунтайж Филипп өөрийн гэргий болох хатан хаан II Элизаветаг байнга дэмжсээр ирсэн юм. Тэд 1947 оны 11 дүгээр сард гэрлэсэн билээ.

Филипп 2011 онд 90 нас хүрснээсээ хойш хааны ордны ажилд оролцох нь цөөрч эхэлжээ. Тэрбээр 2013 онд гэдэсний мэс засалд орсон юм.

Зул сарын баярын арга хэмжээнд тэрбээр байнга оролцдог байсан боловч өнгөрсөн онд өнжсөн билээ.
 
Г.Доржханд

 
関連ニュース