Э.Макрон "томоохон кибер халдлага"-д өртөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-06 16:47:38
ПАРИС. /ВВС/. Францын ерөнхийлөгчийн сонгуулийн II шатанд тунаж үлдсэн хоёр нэр дэвшигчийн нэг  болох Эммануэль Макроны сонгуулийн штаб “томоохон кибер халдлага”-ын бай болжээ.

Түүний сонгуулийн штабынхан орон нутгийн цагаар өчигдөр орой 22:00 цагт сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахын өмнөхөн энэ тухай мэдэгдсэн байна. 

Э.Макрон болон түүний штабын нөлөө бүхий албаны хүмүүсийн компьютеруудаас хулгайлсан и-мэйлүүд болон бусад баримт бичгийг  өчигдөр орой интернэтээр цацжээ.

Сонгогчдыг төөрөгдүүлж, тэдний санаа бодлыг өөрчлөхийн тулд жинхэнэ баримт бичгүүдийг хуурамч баримт бичгүүдтэй хольсон байна гэж Э.Макроны сонгуулийн штабынхан мэдэгдлээ.

Тэдний хэлснээр, хакерчид ерөнхийлөгчийн сонгуулийн II шат болохын өмнө нэр дэвшигч Э.Макроны нэр төрд сэв суулгах зорилгоор кибер халдлага үйлдсэн нь илэрхий байна.

Төвийг сахих үзэл баримтлалтай “En Marche!” намаас нэр дэвшигч Э.Макрон нь маргааш буюу тавдугаар сарын 7-ны ням гарагт болох Францын ерөнхийлөгчийн сонгуулийн II шатанд хэт барууны төвч үзэлт “Үндэсний фронт” намаас нэр дэвшигч Марин Ле Пентэй өрсөлдөнө.

Сонгуулийн сурталчилгааны ажил дууссан учир нэр дэвшигчид сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, ноён Э.Макрон энэ кибер халдлагатай холбогдуулан дахин мэдэгдэл хийж болохгүй.

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнгээс үзвэл, Эдийн засгийн сайд асан Э.Макроныг дэмжигчдийн тоо өрсөлдөгч болох хатагтай Ле Пенийхээс 20 гаруй хувиар илүү байна.
 
Ямар баримт бичгүүдийг дэлгэсэн бэ?

Нэрээ нууцалсан нэгэн хэрэглэгч 9 ГВт мэдээллийг онлайнд тавьжээ.

Э.Макроны “En Marche” нам мэдэгдэхдээ “сонгуулийн сурталчилгааны баримт бичгүүд, үүний дотор и-мэйлүүд болон санхүүгийн мэдээллийг хакерчид хулгайлж, интернэтэд тавьсан. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг” гэв.

Сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссан учир интернэтэд тавигдсан баримт бичгүүдийн агуулгын талаар ямар нэгэн байдлаар мэдээлэхгүй байхыг Францын СЕХ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анхааруулжээ.

Кибер халдлагыг хэн үйлдсэн бэ?

Кибер халдлагын ард хэн байгаа нь тодорхойгүй байна. Э.Макроны сонгуулийн штабынхан хэн нэгний нэр, ямар нэгэн намыг онцолж буруушаагаагүй боловч “энэ  бол нэр дэвшигч Э.Макроны нэр төрийг сэвтүүлэх гэсэн оролдлого бөгөөд Францын ардчилалд халдсан хэрэг” гэжээ.

Энэ халдлагыг өнгөрсөн онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон болон намын бусад гишүүний компьютеруудад халдаж, и-мэйлүүдийг дэлгэсэнтэй Э.Макроны штабынхан адилтгажээ.

АНУ-ын Ардчилсан намын компьютеруудад халдсан хэрэгт Оросын хакерчдыг буруушааж байсан  билээ.

Э.Макрон кибер халдлагын бай болсон нь анхны удаа биш

Э.Макроны багийнхан үүнээс өмнө нэг бус удаа хакерчдын бай болсон юм. Өмнөх кибер халдлагуудыг Орос болон Украины хакерчид үйлдсэн гэж  түүний багийнхан үзэж байгаа юм. Москвагийн талыг баримтлагч хатагтай Ле Пенд туслахын тулд Кремлийн ордон кибер халдлагуудыг үйлдүүлсэн гэж Э.Макрон сэжиглэж байна.

Харин кибер халдлагуудын ард Москва бий гэх мэдээллийг ОХУ үгүйсгэн няцааж байна.

 “Багамын арлуудад оффшор данстай” гэх цуурхлыг интернэтээр тараасан хүмүүст  хариуцлага тооцохыг  нэр дэвшигч Э.Макрон шаардан энэ долоо хоногийн пүрэв гарагт шүүхэд хандсан билээ.

Маргааш сонгуулийн үеэр террорист халдлага болохоос урьдчилан сэргийлэх үүднээс Франц даяар 50 мянган цэрэг, цагдааг байрлуулах ажээ.

Нийслэл Парис хотод 12 мянга гаруй цэрэг, цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллана гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдэв.
Г.Доржханд

 
関連ニュース