Германы цэргийн хуарангуудад нацист бэлгэдлүүд байгаа эсэхийг шалгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-08 10:05:53
ЛОНДОН./BBC/. Германы арми болох Бундесверийн цэргийн хоёр ангид нацист бэлгэдэл илэрсэнтэй холбогдуулан тус улсын Батлан хамгаалахын сайд цэргийн бүх хуаранд шалгалт хийхээр шийдвэрлэжээ.

Ийм захирамжийг Германы зэвсэгт хүчний ерөнхий байцаагч гаргасан бөгөөд цэргийн хуарангуудад Гитлерийн арми болох Вермахттай холбоотой материалууд байгаа эсэхийг шалгах аж. Энэ шийдвэрийг Германы армид хэт барууны үзэл илэрсэнтэй холбоотой дуулиан шуугиан дэгдсэний дараа гаргасан байна.

4 дүгээр сарын сүүлчээр Бундесверын нэгэн дэслэгчийг халдлага үйлдэхээр бэлтгэж байсан гэх хэргээр баривчилсан билээ. Тэрбээр халдлага үйлдэхээр төлөвлөхдөө "Сирийн дүрвэгч халдлага үйлдсэн" гэсэн ойлголт төрүүлэх гэж байжээ. Франкфурт хотын мөрдөн байцаагчид 28 настай сэжигтэн этгээд урьд өмнө нь ксенофоби буюу гадаадынхныг үзэн ядах үзлээ илэрхийлдэг байсныг тогтоосон аж.

Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен АНУ-д хийх айлчлалаа хойшлуулан баривчлагдсан этгээдийн алба хааж байсан Францын Илькирш рүү явжээ. Хэдийгээр нацист бэлгэдлийг хориглосон байдаг боловч хуарангуудад Вермахтын үеийн дурсгалт зүйлүүдийг тавьсан байсан нь тодорхой болсон байна.

Мөн Германы баруун өмнөд нутгийн Донауэшинген хот дахь Фюрстенберг цэргийн хуаранд бямба гарагт нацистуудын өмсч байсан дуулгыг олны нүдэнд ил тавьсан байсан нь илэрч дуулиан дэгджээ. “Spiegel” сонинд бичсэнийг үзвэл, тус цэргийн хуарангийн ханан дээр Вермахтын цэргийн зургийг  өлгөсөн байснаас нацистуудын хэрэглэж байсан гар буу, дуулга болон шагналуудыг дэлгэн тавьсан байжээ.

Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэлэхдээ, “Донауэшингенээс олдсон эд зүйлсийн дотор хас тэмдэг бүхий зүйл байгаагүй" гэж мэдээлжээ. Гэсэн хэдий ч лхагва гарагт Батлан хамгаалахын сайд мэдэгдэхдээ  "орчин үеийн манай арми Вермахтын армийн өмнө бөхийх явдлыг огтхон ч гаргахгүй" гэлээ.

Сайд фон дер Ляйены дүгнэн хэлснээр, сүүлд болсон хэрэг явдлууд нь ганц нэг тохиолдлын хүрээнээс хальж гарсан байна. Тэрбээр “Цэргийн нэгдмэл санаа зоригийг ахлах офицерууд буруу ойлгосны улмаас болсон хэргийг нүдээ анин өнгөрөөжээ" хэмээн нэмж хэлжээ.

О.Барс
関連ニュース