Сирийн талаарх санамж бичгийг дэмжсэн тогтоолын төслийг ОХУ өргөн барив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-05-08 10:25:08
НҮБ./TASS/. Сирид аюулгүйн бүсүүд байгуулах тухай санамж бичгийг дэмжсэн тогтоолын төслийг ОХУ-ын зүгээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барилаа. Энэ тус улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Федор Стржижовский мэдэгдэв.

Санамж бичигт энэ сарын 4-ний өдөр Казахстаны нийслэл Астанад гарын үсэг зурсан билээ. Оросын дипломатчдын ярьснаар, дээрх тогтоолын төслөөр явуулах санал хураалт 8 эсвэл 9-ний өдөр болж магадгүй.

Өмнө нь мэдээлснээр, ОХУ, Иран, Туркийн төлөөлөгчид Астанад болсон хэлэлцээрийн явцад Сирийн нутаг дэвсгэрт аюулгүйн дөрвөн бүс байгуулах талаар тохиролцсон билээ. Эдгээр бүсүүдэд Идлиб муж, түүний зэргэлдээх Алеппо, Латакия, Хама мужуудын зарим хэсэг, Хомс хотоос хойд зүгт орших район, түүнчлэн Хойд Гута болон өмнөд нутгийн Дераа, Эль-Кунейтра мужууд багтжээ. 

Хэлэлцээрт зааснаар, 6-ны өдрөөс эхлэн эдгээр бүст аливаа цэргийн ажиллагаа явуулахыг хориглож байгаа юм. Энэ тохиролцоог 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд автоматаар сунгагдах аж. ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг үзвэл, Астанагийн санамж бичигт гарын үсэг зурсан нь “Лалын улс”, “Жебхат ан-Нусра”зэрэг террорист байгууллагуудын эсрэг цэргийн ажиллагаа зогсоно гэсэн үг биш юм. 

Х.Сарнай 
関連ニュース