Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөдөлгөөн заслын төвтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-11 10:13:56
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн брэхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөдөлгөөн заслын тоног төхөөрөмж худалдан авч, хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх өрөөг тохижуулах зорилгоор "Сүхбаатарын бүсгүйчүүд" групп, Гэрэлт ирээдүйн гүүр ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулсан хөдөлгөөн заслын төв байгуулах аян өрнүүлж байна. Одоогоор тус хамт олон өрөөний тохижилтын ажил буюу өрөөний ханан дээр хүүхэлдэйн баатруудыг зурах ажил болон өрөөний засварын ажлыг эхлээд байна.
Сүхбаатар аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй хүүхэд бий. Эдгээрийн ихэнх нь тархины саажилт, тургуур эрхтэн болон харааны бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Гэтэл энэ хүүхдүүд рүү чиглэсэн халамжийн үйл ажиллагаа явуулдаг газар зөвхөн төрийн хэдхэн байгууллагаар хязгаарлагддаг. Сүхбаатар аймагт энэ чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг ТББ гэж байдаггүй байсан. Харин байгуулагдаад удаагүй байгаа "Гэрэлт ирээдүйн гүүр" ТББ ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь энэ юм.
“Гэрэлт ирээдүйн гүүр ТББ-ыг анх үүсгэн байгуулсан хүн нь С.Ичинхорлоо гэж бүсгүй байгаа. Энэ хүн маань шилжих болсон тул одоогоор ТББ-аа миний бие хариуцан ажиллаж байна. Хүүхдүүдэд зориулагдсан гэдгээрээ бидний ажлыг хүмүүс маш сайхан дэмжиж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөдөлгөөн заслын төвийн зөвхөн тоног төхөөрөмжинд гэхэд хоёр сая гаруй төгрөг шаардлагатай. Одоогийн байдлаар нэг сая гаруй төгрөг цуглаад байна. Тоног төхөөрөмжөөс гадна өрөө тасалгааг тохижуулах ажилд мөн дөрвөн сая орчим төгрөг шаардлагатай байгаа. Одоогоор бид зарим хүмүүстэйгээ хамтран өрөөныий тохижилтын ажлаа эхлүүлээд явж байна. Энэ сарын 20-доор нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа. Бидний ажил үүгээр зогсохгүй. Цаашид олон олон ажил хийх болно...” хэмээн Гэрэлт ирээдүйн гүүр ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сумъяа хэллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан хөдөлгөөн заслын төвтэй болсоноор тэдний эрх ашгийг хамгаалах, тэднийг нийгэмшүүлэх, эмчилгээ оношилгоонд хамруулах боломжтой болох юм.
Т. Одончимэг
 
関連ニュース