Зургаадугаар сард агаарын температур олон жилийн дунджийн орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-18 21:48:42
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас дулааны улиралын цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа. 2017 оны 6,7,8 дугаар сард тус аймгийн хэмжээнд агаарын дундаж температур 14-22 хэмийн дулаан байх бол, хур тундасны тухайд олон жилийн дунджийн орчим байна.
Зургаадугаар сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх бөгөөд 14-22 градус дулаан байна. Уур амьсгалын дунджаар нутгийн зүүн өмнөд хэсгээр 49-70 мм, бусад нутгаар 29-49 мм хүртэл хур тунадас ордог. Тэгвэл энэ сард нутгийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Долдугаар сард агаарын дундаж температурын сарын дундаж нь нийт нутгаар 15-22 градус дулаан байдаг бөгөөд 2017 оны хувьд агаарын дундаж температур зүүн хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0,5-1,5 градусаар дулаан байх төлөвтэй байна. Энэ сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орно.
Наймдугаар сард Сүхбаатар аймгийн хэмжээнд агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 15-20 градус дулаан байдаг бол энэ жил нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад хэсгээр 1,0-1,5 градусаар дулаан байна. Эрдэнэцагаан сумын зүүн хэсгээр ахиу хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна.
Т. Одончимэг 

 
関連ニュース