Загасанд хордсон хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Шилэн саванд даршилсан загас худалдан авч идсэн Баянхонгор аймгийн долоон иргэн хоолны хордлогод оржээ. Баянхонгор аймгийн нэр бүхий байгууллагынхан Хөвсгөл аймагт ажиллаад ирэхдээ тус бүтээгдэхүүнийг авчирч хэрэглэсэн нь хордлогонд оруулсан бөгөөд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээгээр тус бүтээгдэхүүнүүд нь хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус, хаяг шошгын зөрчилтэй байжээ. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэсэн иргэд байвал аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг дээр ирж үзлэг шинжилгээнд яаралтай хамрагдахыг анхаарууллаа.
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгаас хордсон хүмүүсийн биеийн байдал болоод бусад мэдээллийг авахаар холбогдсон боловч, удирдлагын зөвшөөрлөөр нэгдсэн байдлаар мэдээлэл хийх боломжтой гэв.
Мэдээллийн мөрөөр дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Б.Мөнхзул