Нэрэмжит барилдаанд нутгийн бөх үзүүрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-22 12:56:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх, харилт үгүй хүчит, хурц шалгамай, шалгарсан хүчит арслан П.Аюушийн нэрэмжит Баянхонгор нутгаас тодрон гарсан улс, аймгийн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнөө боллоо. 
Уг барилдааныг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбоо, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, П.Аюуш арслангийн үр хүүхдүүд, Их Богд дэвжээ, МҮБХ хамтран зохион байгуулсан байна.
Улсын арслан Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд "Таван хан" дэвжээний бөх улсын залуу харцага Н.Жаргалбаяр түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, "Их Богд" дэвжээ, "Мөнхийн үсэг" группийн бөх, бөхийн чөлөөт барилдааны улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт улсын харцага, Ховд аймгийн Зэрэг сум, "Ховд" бөхийн дэвжээний бөх Б.Бат-Өлзий, Өвөрхангай аймийн Бүрд сумын харьяат, Өвөрхангай аймгийн цагдаагийн газар, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх улсын начин Э.Сангисүрэн нар шалгарав.
Улсын арслан Н.Батсуурь тэргүүтэй том цолтой бөхчүүд хоёрын даваанаас эхлэн өвдөг шороолсон нь дээгүүр цолтнуудад халгаатай, шимтэй сайхан барилдаан болов. Энэхүү барилдааны зохион байгуулагчдын зүгээс улсын цолонд ойрхон бөхийн шагналыг тус барилдааны үзүүр бөх аймгийн хурц арслан Н.Золбоод гардуулсан юм.
Хүчит 256 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг гурван сая төгрөг, үзүүрлэсэн бөхийг хоёр сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг тус бүр нэг сая төгрөгөөр байлжээ. 
                                                                                                                                                                Б.Мөнхзул
関連ニュース