Аймгийн засаг дарга бүх сумдадаа ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-16 15:00:53
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга З.Энхтөр энэ сарын 08-наас 15-ны өдрүүдэд аймгийнхаа бүх сумдад ажиллалаа. Ингэхдээ төрийн болон үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ард иргэдтэйгээ уулзан тэдний санаа бодлыг сонсон улмаар зохих шийдвэрүүийг гаргажээ. Мөн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаараа дэлгэрэнгүй танилцуулсан байна.
“Сумдаар ажиллаад явж байхад зуншлага харилцан адилгүй байна. Баяндэлгэр, Онгон, Дарьганга сумдын нутгаар зуншлага тааруу, бусад сумдаар харьцангуй гайгүй байна. Өнгөрсөн өвлийн хувьд аймгийн хэмжээнд өнтэй өвөл болсон учир сайхан хаваржиж мал жилбэ сайтай төлөллөө. Нийт малын 80 гаруй хувь нь төллөсөн, төлийн бойжилт ч өндөр хувьтай байна. Мэдээж сумдад ажиллах хугацаандаа сумдын төрийн захиргааны байгууллагуудтай танилцлаа. Ялангуяа бид ирэх жилүүдэд эрүүл мэндийн салбарлуу түлхүү анхаарч ажиллах учир сумдынхаа эрүүл мэндийн төвүүдийн материаллаг бааз, боловсон хүчнийг багагүй судаллаа. ЭМТ-үүдтэй танилцаж явахад материаллаг баазыг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах гээд үнэхээр дутагдалтай, хүндрэлтэй зүйлүүд байна. Өмнө нь ч энэ талаар мэдээлэлтэй байсан учир асуудлыг эхнээсээ шийдвэрлэж байгаа. Жишээлбэл: Зургаан сумын ЭМТ-ийн түргэний авто машин шийдэгдсэн, бүх сумдын эмнэлгийг зориулалтын ор, шүүгээгээр шат дараатай хангах ажил хийгдэж эхэлсэн. Цаашид ч олон ажлууд хийгдэх болно. Үүнээс гадна сумдад ажиллах үеэрээ ирэх дөрвөн жилийн хугацаанд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар тодорхой мэдээлэл өгч, харилцан ярилцаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Иргэд маань ч энэ уулзалтанд идэвхтэй оролцож олон сайхан санал, санаачлагуудыг гаргаж байлаа. Бүх сумдын саналуудыг нэгтгэн ангилаад засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж, үе шаттайгаар ажил хэрэг болгохоор төлөвлөж байна. Намайг сумдад ажиллаад ирэх үед ЭМ-ийн сайд А. Цогцэцэг манай аймагт ажиллаж таарлаа. Тиймээс сумдын эрүүл мэндийн салбартай холбоотой нөхцөл байдлыг салбарынх нь сайдад танилцуулсан. Ялангуяа Наран, Дарьганга сумын ЭМТ-ийн шинэчлэх, Мөнххаан сумын эмнэлгийг шатлал ахиулах талаар саналуудаа өглөө. Сайдын зүгээс ч анхаарч ажиллахаа илэрхийлсэн байгаа. Ер нь энэ удаагийн ажил их үр дүнтэй болсон гэж үзэж байгаа...” хэмээн аймгийн засаг дарга З. Энхтөр хэлэв.
Засаг даргын хувьд ирэх 09 сард Онгон, Эрдэнэцагаан сумдын отръядын харьяа хилийн 17 заставуудаар явж хилчдийн амьдрал ахуй, ажлын нөхцөл байдалтай танилцах юм байна.
Т. Одончимэг 
関連ニュース