Г.Каспаров шатрын спортдоо эргэн ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-07-06 12:04:35
ЛОНДОН./BBC/. Шатрын Grand Chess Tour цуврал тэмцээнийг зохион байгуулагчдын ярьснаар, АНУ-ын Сент-Луис хотод болох түргэн тоглолт, блицын тэмцээнд дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаров оролцохоор болжээ.

2005 онд тэрбээр их спортоос явж байгаагаа мэдэгдсэнээсээ хойш зөвхөн үзүүлэх тоглолтуудад оролцож байсан юм. Түүнээс гадна 2010 оныг хүртэл Норвегийн их мастер Магнус Карлсенийг дасгалжуулж байжээ. 

Сент-Луисийн тэмцээнд оролцох эрхийн дөрвөн ширхэг wild-card-ын нэгийг Г.Каспаров авсан аж. Тус тэмцээнд дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдэж буй Хикару Накамура болон Сергей Карякин, Вишванатан Ананд нар оролцох юм.

“Би тэмцээнд оролцогчдын дундаж насыг өсгөхийн сацуу дундаж чансааг бууруулна” гэж Г.Каспаров твиттер хуудсандаа хошигнон бичсэн байна. Түүний нэр одоогоор албан ёсны чансаанд бичигдээгүй байгаа юм.

Сануулан дурдахад, Гарри Каспаров 1985 онд Анатолий Карповыг ялж дэлхийн аварга болж байсан билээ.
Шатарчны замналаа дуусгасныхаа дараа тэрбээр В.Путиний дэглэмийг эсэргүүцэн тэмцэх хэрэгтэй гэж мэдэгдэж байв. Сөрөг хүчний улстөрчийн хувьд Г.Каспаров Иргэний нэгдсэн фронт, “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцож байжээ.

2013 онд тэрбээр Орос улсаас гарч явсан бөгөөд 2014 онд Хорват улсын иргэн болсон байна. Одоо Нью-Йорк хотод амьдарч байгаа юм.

Х.Сарнай 
関連ニュース