Э.Жошуагаас даагаа нэхэх эсэхээ В.Кличко хараахан шийдээгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./TASS/. Их Британийн боксчин Энтони Жошуатай даагаа нэхэх тулаан хийх эсэхээ Украины боксчин Владимир Кличко хараахан шийдээгүй байгаа ажээ. Энэ тухай В.Кличкогийн менежер Том Леффлер ярьсныг Seconds Out портал хуудсанд иш татан мэдээлсэн байна.
4 дүгээр сарын 29-нд Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон 12 үеийн халз тулаанд Э.Жошуа В.Кличког 11 дэх үед техникийн нокаутаар ялснаар Олон улсын боксын холбооны /IBF/ дэлхийн аварга цолоо хамгаалж, Дэлхийн боксын холбооны /WBA/-ын супер аваргын бүсийг хүртсэн юм.
“Би даагаа нэхэх тулааныг хармаар байна, харин Владимир ийм тулаан хийх шийдвэрээ хараахан гаргаагүй байна. Кличко эхний тулаандаа удаан хугацаанд сайн тоглосон, тиймээс тэр даагаа нэхэх тулаанд ялах боломжтой. Гэхдээ шийдвэрийг би биш тэр гаргана шүү дээ” хэмээн Леффлер ярилаа.
Одоогийн байдлаар Э.Жошуа мэргэжлийн боксод ялагдаж үзээгүй байгаа бөгөөд 19 удаагийн тулаанд бүгдэд нь нокаутаар ялжээ. Харин В.Кличкогийн хувьд 64 ялж /үүнээс 53-т нь нокаутаар ялсан/, 5 удаа ялагдсан байна.
О.Барс