Солонгосын хойгийн хямралын асуудлаарх Москва, Бээжингийн байр суурь ижил төстэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-07 15:14:12
ВЛАДИВОСТОК./TASS/. Орос улс болон Хятад улс Солонгосын хойгийн хямралыг энхийн замаар шийдвэрлэх талаар ижил төстэй байр суурьтай байгаа ажээ. Энэ тухай пүрэв гарагт Хятадад суугаа ОХУ-ын элчин сайд Андрей Денисов Дорнын эдийн засгийн 3 дугаар чуулга уулзалтын үеэр ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.

“Орос, Хятад хоёр улсын байр суурь тодорхой болсон, бидний байр суурь ерөнхийдөө давхцаж байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.

“Хоёр улсын байр суурь Солонгосын хойгийн эргэн тойронд бүрэлдэн бий болсон эгзэгтэй нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа юм. Харин бусад нь бол тактикийн асуудал” гэж дипломатч тайлбарлажээ.

Умард Солонгост шахалт үзүүлэхэд чиглэсэн хоригийн арга замын боломж шавхагдсан  гэж Орос улс болон Хятад улс үзэж байгааг А.Денисов онцлон дурдсан байна.

“НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Умард Солонгосын байр суурьд нөлөөлөхүйц хоригуудыг бүгдийг нь хэрэглэсэн боловч харамсалтай нь үр дүнд хүрсэнгүй” гэж элчин сайд нэмж хэлэв.

“Одоо тэгээд яахав? Хоригийг чангатгах нь бидний бодлоор ямар ч нэмэргүй. Энэ чиглэлд хийх ямарваа алхам нь Умард Солонгосыг эдийн засгаар нь хавчин боогдуулна гэсэн үг, ингэснээр уг арга хэмжээ нь юуны түрүүнд тус улсын энгийн ард иргэд, хүн амд нөлөөлнө. Иймд энхийн арга замаар асуудлыг шийдвэрлэх нь цорын ганц арга зам, энэ замаар явж, Умард Солонгосын удирдлагад саналаа хүргүүлж, яриа хэлэлцээ хийх сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй” гэж ноён А.Денисов хэллээ.
О.Барс 

 

 


関連ニュース