Д.Трампт "амаа мэдэж ярих"-ыг Пхеньян анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-06 11:06:59
СӨҮЛ. /Ёнхап/. Бодлогогүй үг хэлж, зохисгүй үйлдэл хийвэл “хайр найргүй” хариу арга хэмжээ авах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт Умард Солонгос анхаарууллаа гэж “Ёнхап” агентлаг мэдээлжээ.

АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп Өмнөд Солонгост төрийн айлчлал хийхээс хоёр хоногийн өмнө буюу ням гарагт Умард Солонгосын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын албан ёсны хэвлэл болох “Родон Синмун” сонинд гарсан нийтлэлд “Д.Трамп бодлогогүй үг, үйлдлээр өдөөн хатгахаа зогсоохгүй бол хайр найргүй хариу арга хэмжээ авах болно” гэсэн агуулга бүхий нийтлэл гарсан байна.

Д.Трамп Азийн таван улсад хийх айлчлалаа өчигдөр өглөө Японоос эхлүүлсэн билээ. Тэрбээр маргааш Өмнөд Солонгост газардаж, тус улсын Ерөнхийлөгч Мү Жэ Интэй хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх юм.

Д.Трамп  Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай саяхан “үгээр дайтаж”, түүнийг “пуужинтай залуу” гэж хочлохын зэрэгцээ “Шаардлага гарсан тохиолдолд Умард Солонгосыг бүрэн устгах чадал бидэнд байна” гэж анхааруулсан билээ.

“Родон Синмун” сонинд гарсан нийтлэлд “Д.Трамп  ямар бодлогогүй үг хэлж, зохисгүй үйлдэл хийхийг хэн ч урьдчилан таамаглахын аргагүй. АНУ манай улсыг дутуу үнэлж, бодлогогүй үг, үйлдлээр өдөөн хатгавал бид бүх хүчээ дайчлан хайр найргүй хатуу хариу барих болно. АНУ-д энэ шийтгэлээс зугтах зам үгүй. Харамсахад нэгэнт оройтсон байх болно ” гэжээ.
Г.Доржханд
   
関連ニュース