Элэгний С вирусын эмийг нутгийнхандаа хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлэг /АНЭ/-т молекул биологийн лаборатори ашиглалтад орсонтой холбоотойгоор илэрсэн өвчлөлийг орон нутагтаа эмчлэх нь зөв. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн уугуул, Монгол Эм Импекс концернийн гүйцэтгэх захирал Б.Болормаа аймгийнхаа иргэдэд элэгний С вирусын эмчилгээний ледвир эмийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх болсныг тус компанийн гадаад харилцаа хариуцсан дэд захирал н.Мөнх-Эрдэнэ танилцууллаа.
Элэгний С вирустэй гэж оношлогдсон иргэдэд ледвир эмийн нэгдүгээр тунг 80 мянга, хоёрдугаар тунг 80 мянган төгрөгөөр, харин гуравдугаар тунг үнэ төлбөргүй нийлүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл тус эмийг 160 мянган төгрөгөөр авах боломжийг зөвхөн Сүхбаатар аймгийн иргэдэд олгож байна.
"Сүхбаатар аймгийн удирдлагууд хүн ардынхаа эрүүл мэндэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаад баяртай байна. Молекул биологийн лабораторийг анх удаа аймагтаа байгууллаа. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Лабораториор дамжуулан элэгний В С вирусын идэвхжлийг тоолох, илрүүлэх чухал ач холбогдолтой. Илрүүлэг, оношлогооны дараагаар эмчилгээг зөв хийх ёстой. Энэ ажлыг дэмжиж тус аймгийн уугуул, Монгол Эм Импекс концернийн гүйцэтгэх захирал Б.Болормаа нутгийнхаа иргэдэд хөнгөлөлттэй үнээр эм олгохоор шийдсэнд баяртай байна. Ингээд Сүхбаатарчууд элэгний С вирусын гаралтай өвчлөлийн асуудлыг цогцоор нь шийдчихлээ гэж хэлж болно" гэдгийг Анагаах ухааны доктор, зөвлөх эмч Д.Даваадорж хэллээ.
Сүхбаатар аймаг Монгол Улсын хэмжээнд элэгний В С вирусын гаралтай эмгэг, түүнээс гаралтай хавдрын өвчлөлөөр тэргүүн байранд бичигддэг. Тиймээс өвчлөлийг эрт илрүүлэх, бууруулах зорилгоор "Хавдрын эсрэг хамтдаа" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хавдаргүй Сүхбаатарчууд" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш аймгийн нийт хүн амын 70 хувь нь, эрүүл мэндийн салбарын ажилчдын 89,2 хувь нь элэгний В С вирусын илрүүлэг оношлогоонд орж, вирустэй гэж оношлогдсон 2700 гаруй иргэн эмчилгээндээ хамрагдаж эхэлсэн байна.
Т.Одончимэг