“Охидын өдөрлөг”-өөр сурагчид барилгын зарим мэргэжлээр дадлага хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-15 15:00:44
Ховд /МОНЦАМЭ/ Өсвөр насны охидод мэргэжлийн боловсрол, ажил мэргэжлийн чиг баримжааны талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, ирээдүйн мэргэжил сонголтонд нь хэрэг болохуйц мэргэжлүүдийг танилцуулах өдөрлөг дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа.
Охидын өдөрлөгийг Ховд аймаг дахь Хөгжил Политехник Коллеж, Германы Олон улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл хамтран  зохион байгууллаа.
Дэлхийн 16 оронд уламжлал болон явагддаг “Охидын өдөрлөг”-ийн үйл ажиллагаа Хөгжил Политехник коллежийн хичээлийн гуравдугаар байр болон дадлагын газарт өрнөж, аймгийн ерөнхий боловсролын долоон сургуулийн ахлах ангийн 40 гаруй сурагч оихд оролцсон юм.
Охидын өдөрлөгийн хүрээнд сурагчид найман багт хуваагдаж цахилгаан, барилгын засал чимэглэл, барилгын бетон арматур, модон эдлэлийн мужаан, хүнд машин механизмын оператор, сантехник, гагнуур, өрөгч угсрагч гэсэн мэргэжилүүдтэй танилцаж, мэргэжлийн багш нарын удирдлага, зааварчилгааны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлан өөрсдийн гараар жижиг бүтээл буюу даалгавар гүйцэтгэж, үйлдвэрлэлийн дадлага хийлээ.
Модон эдлэлийн мужаан мэргэжлийг сонирхсон охидууд өдөрлөгөөр өдөр тутмын амьдралын хэрэгцээний махны мод, хоолны хусуур хийж  сурлаа. Зарим охид арматур зангидах, хүнд даацын машин жолоодох, ачаа ачих, буулгах  болон  тоосгон өрлөг хийх,  ханын цаас наах зэрэг нарийн чимхлүүр ажлуудыг ихэд сонирхон хийж үзсэн юм. Ингэснээр охидууд тухайн мэргэжлийн талаар чиг баримжаатай болж, ажлын аргачлал чадамжид суралцсанаараа давуу талтай байв.
                                                                                                                                               А.Бямбасүрэн
関連ニュース