“Түмэн нутгийн соёл” урлагийн наадам болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-16 15:05:23
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түмэнцогт сумын ЗДТГ, Соёлын төв хамтран зохион байгуулдаг “Түмэн нутгийн соёл-2017” урлагийн наадам эхэллээ. Наадамд тус сумын найман байгууллагын 170 гаруй ардын авьяастнууд оролцон, урлагийн арван төрлөөр өрсөлдөж байгаа аж. Уг наадам нь долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Сумын иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжийн ажилтан албан хаагчдын нийгмийн идэвхийг сайжруулах, багаар ажиллах болон манлайлах чадварыг нэмэгдүүлэх, сурталчлах, авьяастныг тодруулах, ардын урлаг ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх гээд олон талын зорилго, ач холбогдол бүхий урлагийн наадмын зохион байгуулалт, оролцогчдын цар хүрээ, чанар хүртээмж жилээс жилд өргөжин тэлж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Тэр хирээрээ оролцогч багууд ихээхэн ач холбогдол өгч, наадам ширүүн өрсөлдөөн дунд өрнөдөг болжээ.

"Түмэн нутгийн соёл-2017" урлагийн наадамд сумын багууд, төрийн болон төрийн бус байгууллага хамт олон оролцож байна. Тэд мэндчилгээ, ардын гоцлол дуу, гоцлол бүжиг, уран уншлага, эстрад дуу, хамтлаг бүжиг, дуэт дуу, жүжигчилсэн тоглолт, хөгжим, найрал дуу гэсэн урлагийн арван төрлөөр 30-45 минутын бүрэн хэмжээний концерт тоглох юм. Наадам 11 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд үргэлжлэн шилдгүүдээ тодруулна.
Т.Одончимэг 
関連ニュース