Баасан гарагт согтуугаар үйлдсэн гэмт хэргийн гаралт буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-21 21:22:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон нийтийн дунд “Баасан ахын төрсөн өдөр” хэмээн хэлэгдэж хэвшээд байгаа баасан гарагт архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглох шийдвэр гаргаснаар архинаас шалтгаалсан гэмт хэрэг буурч байна.
Аймгийн Цагдаагийн газраас авсан мэдээллээр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг сүүлийн дөрвөн жилийн байдлаар авч үзвэл 2014 онд 157, 2015 онд 144, 2016 онд 147, 2017 оны эхний 10 сарын байдлаар 71 бүртгэгджээ. Үүнээс зөвхөн баасан гарагт холбогдох хэргийг авч үзвэл 2012 онд 90, 2013 онд 77, 2014 онд 89, 2015 онд 72, 2016 онд 68 бүртгэгдэж, тоон үзүүлэлт жил тутам буурч байгаа юм. Энэ нь баасан гарагт архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар тогтоолоор “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн талаар авах арга хэмжээний тухай” журмыг баталж, долоо хоног бүрийн баасан гарагт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гаргасан юм. Мөн аймгийн Засаг даргын 2015 оны а/531 дүгээр захирамжаар худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг тогтоож, дэлгүүрийг өвлийн улиралд 21, зуны улиралд 22 цагаас хойш, баар рестораныг 24 цагаас хойш ажиллахыг хориглосон. Энэхүү тогтоол шийдвэрийг хэл амтайхан дагаж ирсэн бизнес эрхлэгчид саяхан ИТХ-д хандаж, архи, согтууруулах ундаа худалддаг цэгүүдийн хаах цагийг 22, уг ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарийг 02 цаг хүртэл сунгаж, “Баасан ахын төрсөн өдөр”-өөр архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх зөвшөөрлийг хүссэн байна. Гэвч аймгийн Засаг даргын дэргэдэх тусгай зөвшөөрлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсээс мэдэгдлээ.
Б.Батчимэг
関連ニュース