Хятад болон Францын төрийн тэргүүнүүд дээд хэмжээний уулзалт хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-09 10:18:35
БЭЭЖИН. /Шиньхуа/.  БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг даваа гарагийн орой буюу өчигдөр орой Бээжин хот дахь “Дяоюйтайн төрийн зочдын өргөө” хэмээх түүхэн зочид буудалд  хүлээн авч уулзсан тухай “Шиньхуа” агентлаг мэдээллээ.
 
Ши Жиньпин хэлэхдээ “Ноён Э.Макрон Францын төрийн тэргүүний хувиар Азид хийж буй анхны айлчлалаа Хятадаар эхлүүлж буй нь Хятад-Францын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл юм” гэжээ. Франц нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Барууны анхны улс билээ.
 
Хятадын улсын дарга Ши Жиньпин хэлэхдээ “Мао Зэдун дарга, Францын генерал Шарль де Голль нар 1964 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох түүхэн шийдвэр гаргасан. Тэдний энэ шийдвэр нь тухайн үеийн дэлхийн хэв маягийг өөрчлөөд зогсохгүй дэлхийн өнөөгийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн. Шинэ эринд бид Хятад-Францын харилцааны гэрэлт ирээдүйн төлөө түүхэн харилцаагаа эрхэмлэж, зөв замаар явах хэрэгтэй” гэжээ. Мөн “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Франц улстай хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхэд Хятад улс хэзээд бэлэн байна" гэж Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна.

Харин Францын Ерөнхийлөгч Э.Макрон “Бүс ба Зам” санаачлагын хүрээн дэх төслүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлэхийн сацуу “Олон улсын өмнө тулгамдсан асуудлууд, тухайлбал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд манай хоёр улс хамтран ажиллах нь чухал” гэжээ.

Тэрбээр хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Парисын хэлэлцээрээс АНУ гарсан. Хэрвээ Хятад улс мөн АНУ-тай адилхан шийдвэр гаргавал энэ хэлэлцээр цааш явахгүй. Франц болон Хятад улс энэ дэлхийг дахин гэгээлэг, аугаа болгож чадна гэдэгт би итгэлтэй байна” гэсэн байна.
 
Хятад улсын тэргүүн хатагтай Пөн Лиюань, Францын тэргүүн хатагтай Брижит Макрон нар уг уулзалтад оролцсон аж.
 
Францын Ерөнхийлөгч Э.Макрон нь гурван өдрийн төрийн айлчлалаар Хятад улсад өчигдөр хүрэлцэн очсон юм. Тэрбээр Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн төв Си-ань хотод хагас өдөр саатсаныхаа дараа өчигдөр үдээс хойш Бээжинд хүрэлцэн очсон байна.
 
 
Г.Доржханд

関連ニュース