Хугацаа алдсан бол барилга бүхэлдээ шатахаар байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-10 15:28:54
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн Номгон багийн нутаг дэвсгэрт Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги 03 цаг 53 минут ажиллаж унтраажээ.
Дуудлага мэдээллийг өчигдөр буюу нэгдүгээр сарын есний 22:36 цагт хүлээн авч, тус ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:41 цагт очиж, утаажилтын бүсээс 10 том хүн, 8 хүүхэд, нийт 18 хүнийг гаргасан байна.
Тус барилга 1960-аад онд баригдсан, барилгын зураг, холбогдох архив байхгүй, гурван давхар барилга аж. 1-2 дугаар давхартаа Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн байр, дээд давхарт нь айлууд оршин суудаг юм байна. Гал түймрээс гаргасан хүмүүс, оршин суугчдыг мөн оройдоо "Номун далай" цогболбор сургуулийн Дотуур байр руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд одоогоор тус байранд хичээл сургалтын үйл ажиллагаа зогсож, галын шинжээчид ажиллаж байна. 
Барагцаалбал, 80 мкв орчим талбай галд өртсөн бөгөөд барилга бүхэлдээ угаар ихтэй, утаа ханхалсан байдалтай байгаа юм байна. Галын дуудлагыг зэргэлдээ байрны оршин суугчаас мэдээлсэн бөгөөд модон барилга учир хугацаа алдсан бол барилга бүхэлдээ маш богино хугацаанд шатаж дуусахаар байсныг албаныхан хэллээ.
                                                                                                                                     Б.Мөнхзул
関連ニュース