Мерси Кор олон улсын байгууллага хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнтэй танилцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Мерси Кор Монгол олон улсын байгууллагын төслийн баг энэ сарын 15-наас Ховд аймагт ажиллаж байна. Тэд Ховд аймагт ажиллаж, аймгийн ОБГ, ХХААГ-ын удирдлагуудтай уулзаж өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласан ажлын сайн туршлага, хүрсэн үр дүнгийн талаар санал солилцлоо. Төслийн багийнхан өнөөдрөөс Манхан, Дарви, Дөргөн сумдад ажиллаж тус сумуудын нутагт тавьсан гүн өрмийн худаг, бог малын мялзан өвчин гарсан үед хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын саналыг сонсох юм байна.
Мерси Кор Монгол олон улсын байгууллага 2004 оноос эхлэн Ховд аймагтай хамтран ажиллаж томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Тус байгууллагаас Ховд аймагт урьд нь хэрэгжүүлж ирсэн төслүүдийн үр дүн болон одоо хэрэгжүүлж байгаа LTS-2 буюу "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь" төслийн хүрээнд хийгдэж буй ажил, 2017 онд олгосон тэтгэлэгийн хэрэгжилттэй танилцахаар тус төслийн баг ирээд байгаа юм.
Төслийн баг Америкийн Олон улсын хөгжлийн агентлагийн харьяа Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх албаны хөдөө аж ахуйн салбарын ахлах төлөөлөгч Кристин Жост, Мерси Кор ОУБ-ын RCP төслийн мэргэжилтэн Даниэл Миллэр, Мерси Кор ОУБ-ын хөтөлбөрийн орлогч захирал Ч.Сансар, Мерси Кор ОУБ-ын “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2" төслийн менежер Б.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй иржээ.
А.Бямбасүрэн