Залуу малчин Ж.Барбол “Алтан төл” шагналын эзэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-10 00:22:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаантолгой багийн малчин Ж.Барбол МҮОНР-гийн "Алтан төл" шагналын эзэн болжээ. Тэрээр нийт төллөх ёстой хээлтэгчээс 400 төл хорогдолгүй хүлээн авсан амжилтаар дээрх шагналыг хүртэх болзлыг хангасан байна. 

Ж.Барболын шагналыг УИХ-ын гишүүн Г.Солтан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар гэрт нь очиж хүндэтгэлтэйгээр гардулж өглөө.

"Алтан төл" шагналын эздийг тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан,  нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд санаачилгатай ажилласан зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж салбарын яамнаас тодруулдаг байна.

Дашрамд хэлэхэд, тус шагналыг 2016 онд тус аймгийн Булган сумын малчин Мажекийн Болысхан, Алтай сумын малчин Сураубайн Азат нар хүртэж байсан юм. 


Ө.Нурболат

関連ニュース