Төсөл хэрэгжээд дууссаны дараа тогтвортой байдлыг хангах асуудлаар ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-02-12 13:32:06
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөрийн байгууллагуудын зөвлөлгөөн Баянхонгор хотноо боллоо.
Аймаг орон нутгийн бодлого чиглэлийг танилцуулах, төсөл хөтөлбөрийн байгууллагуудын хоорондын болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий тус зөвлөлгөөнд төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч олон улсын байгууллагуудын төлөөлөл, аймаг орон нутгийн төрийн байгууллагын удирдлага, орон нутагт төсөл хөтөлбөрийг хариуцан ажиллаж буй төслийн зохицуулагч зэрэг 50 гаруй төлөөлөл оролцов. Баянхонгор аймагт 2018 байдлаар гадаадын зээл тусламжаар найман төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газар, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Азийн хөгжлийн банк, Хил хязгаагүй малын эмч нар ба агрономичид ТББ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Мерси Кор, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөллүүд тус зөвлөлгөөнд оролцсон юм.
Зөвлөлгөөний нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн хэлсэн үгэндээ, "Төсөл хөтөлбөрийн үндсэн зорилго, чиглэл нь орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй нийцэж байх хэрэгтэй бөгөөд олон талын оролцоог яаж хангаж ажиллах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хяналт шинжилгээг сайн явуулах, гарсан сайн туршлагыг нэвтрүүлж, алдаа дутагдлыг засч залруулах, тулгамдаж байгаа асуудлаа хамтран шийдэж байх хэрэгтэй" гэлээ. Түүнчлэн төсөл хэрэгжээд дууссаны дараа тогтвортой байдлыг хангах нь гол асуудал гээд зөвлөлгөөн энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа нь гол ач холбогдол гэсэн юм. 
Баянхонгор аймагт гадаадын зээл тусламжаар 2000 оноос хойш хамгийн олон төсөл хэрэгжсэн салбарууд болох боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбаруудын талаарх мэдээллийг холбогдох албаныхан тухайн салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд болон тэдгээрээс авч үлдсэн сайн туршлага, ололттой тал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн.
Зөвлөлгөөнөөс, "Төслийг хэрэгжүүлэх санхүүжүүлэгч болон хэрэгжүүлэгч байгууллагууд аймгийн Засаг даргатай гэрээ, хэлэлцээр байгуулж ажиллах, гэрээг дүгнэдэг байх, төслүүд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа хүлээлгэн өгөх, уламжлуулан нутагшуулах талд анхаарах зэргийг багтаасан зөвлөмж гаргасан байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймагт 2000 оноос хойш гадаадын зээл тусламжаар хөдөө аж ахуйн салбарт 9, байгаль орчныг хамгаалах 7, боловсролын салбарт 20, эрүүл мэндийн салбарт 19, хүн амын эмзэг бүлгүүд рүү чиглэсэн 5, нийтдээ 61 төсөл хэрэгжүүлжээ.
                                                                                                                             Б.Мөнхзул
 

関連ニュース