Эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-23 16:39:50
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос хамгаалах, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн талаар Монгол Улсад баримталж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн  хариуцлага хүлээлгэх зорилгоор аймгийн Цагдаагийн газар, анги удирдсан багш, эцэг эх, асран хамгаалагчтай гурвалсан гэрээ байгуулах ажлыг өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн.

Өнөөдрийн байдлаар гурвалсан гэрээг 19 сумын ерөнхий боловсролын 24 сургуулийн 1-12 дугаар ангийн 14500 гаруй эцэг эх, асран хамгаалагчтай Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, сумын хэсгийн төлөөлөгч нар гэрээг байгуулсан байна.

Гэрээг байгуулж ажилласнаар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт нэмэгдэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн оролцоот гэмт хэрэг, зөрчлийн тоо болон хохирогч болох магадлал буурна гэж үзэж байгаа юм. Энэхүү арга хэмжээг багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчид зөв ажил болж байгааг сайшааж байлаа.

Сүүлийн жилүүдэд Архангай аймагт эцэг эх, асран хамгаалагч нарын хүүхдэдээ тавих анхаарал халамж, хяналт суларснаас өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирох асуудал нэмэгдэж байсныг  аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байна. 
Б.Гэрэлт-Од
関連ニュース