Зам арчлалтын ажилд 30,2 сая төгрөг зарцуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-02-23 18:02:26
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Авто зам засвар, арчлалтын “Талын зам” төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/ өвлийн зам арчлалтын ажлаа өнгөрсөн оны 11 дүгээр сарын 01-нээс эхлүүлсэн. Үүнээс хойш өнөөг хүртэл замын цас арилгах, цасны далан босгох ажилд 30,2 сая төгрөг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл 13,9тн түлш, таван тонн цас хайлуулах бодис, хоёр тонн давс зэргийг энэ хугацаанд хэрэглэсэн байна.
 
Талын зам ТӨХК нь Чингис-Баруун-Урт, Баруун-Урт-Бичигт, Баруун-Урт-Чойбалсан гээд улсын чанартай авто замын арчлалтыг хариуцдаг. Засмал замаар холбогдсон гэдэг утгаараа өвлийн улиралд Чингис-Баруун-Урт чиглэлийн зам арчлалтын ажил ихэсдэг байна. Үлдсэн чиглэлийн замуудад ихэнхдээ зуны улиралд арчлалтын ажил хийгддэг.

Авто зам дээр халтиргаа гулгаа үүсэх, улмаар зам тээврийн осол гэмтэл гарахаас  урьдчилан сэргийлж, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс компанийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 2018 оны 04 сарын 01 хүртэл Мөнххаан суманд шуурхай ажлын хэсэг байрлуулж, өдөр бүр авто замд үзлэг хийж байгаа аж. Шуурхай ажлын хэсэг нь нэг ачигч, нэг автогрейдэр, үйлчилгээний машинтай 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа гэх мэдээллийг Талын зам ТӨХК-ийн  замын инженер Г.Доржрагчаа өглөө.

Тус компанийн зам арчлалтын ажил хурдан шуурхай, үр дүнтэй байгааг аймгийн мэргэжлийн  хяналтын газар, Цагдаагийн газрын дэргэдэх Замын цагдаагийн тасгууд сайшаажээ.
Т.Одончимэг
関連ニュース