Төгөлдөр хуурын наадмаас анх удаа медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-01 23:00:53
Сүхбаатар /МОНЦАМЭ/.  Forte and Piano өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын зургаадугаар уралдаанд Сүхбаатар аймгаас дөрвөн хүүхэд амжилттай оролцоод иржээ. Сүхбаатар аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дэргэдэх төгөлдөр хуурын дугуйлангийн сурагч Т.Цэлмэг гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртжээ. Мөн оролцогч А.Анужин, Б.Туяацэцэг нар тус бүр тусгай байрын эзэд болсон байна.

Тус уралдаан нь Монголын хүүхдийн ордноос хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд сонирхогчдын хэмжээний хамгийн том уралдаан юм байна.

“Сүхбаатар аймагт төгөлдөр хуурын сургалт 2016 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 30 гаруй хүүхэд хамрагдсан байдаг. Энэ сургалт аймагт анх удаа гэдгээрээ онцлог, тэр ч утгаараа хүүхэд багачууд болон эцэг эхчүүд маш их сонирхох болсон. Энэ удаагийн тэмцээнд бидний гурав дахь тэмцээн л дээ. Өнгөрөгч тэмцээнүүдэд хүүхдүүдээ тайзан дээр гаргаж үзүүлэх, туршлага суулгах зорилгоор оролцож байсан. Харин манай хүүхдүүд одоо уралдаан тэмцээнүүдэд хүч сорих боломжтой болжээ гэдгийг саяны уралдаан харууллаа. Медаль авахын төлөө бэлтгэлээ хангасан, зорилгодоо ч хүрч чадсан.” хэмээн төгөлдөр хуурын сургалтын төвийн багш А.Ган-Очир хэллээ.

Ирэх 05 дугаар сард СУИС-ийн төгөлдөр хуурын төгсөх ангийн оюутнууд, Сүхбаатар аймгийн төгөлдөр хуурын сургалтын төвийн сурагчдын хамтарсан тоглолтын тус аймагт хийхээр төлөвлөжээ. Мөн төгөлдөр хуурын улсыан аварга шалгаруулах уралдааныг анх удаа орон нутагтаа зохион байгуулах ажлыг эхлүүлээд байгаа аж.
Т.Одончимэг
関連ニュース