ААШ тэмцээнд оролцох баг тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-07 23:08:29
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын газар /БТСГ/-ын жилийн төлөвлөгөөний дагуу долоо хоног бүр аймгийн аварга шалгаруулах /ААШ/ спортын тэмцээнүүд болдог. Жилээс жилд ААШ тэмцээнүүдэд оролцох баг тамирчдын тоо болоод чадвар нэмэгдэж байгааг БТСГ-н дарга Б.Өлзийтогтох онцоллоо.

Тэрээр хэлэхдээ “ ААШ тэмцээн уралдаануудын чанар болоод өрсөлдөөн үнэхээр нэмэгдэж байна. Манай багш тамирчид бэлтгэл сургуулилтыг ч жигд хийдэг болсон. Сүхбаатар аймгийн баг тамирчдын улсын чанартай тэмцээнээс хүртэх медалийн тоо эрс нэмэгдсэн. Ганц үүгээр тамирчдын чадвар хэрхэн өсөн сайжирч байгааг илэрхийлж болно. Мөн оролцох тамирчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэмцээнийг товлосон хугацаанд явуулж дуусгахад хүнд байгаагаас гадна заалны багтаамжийн асуудал яригдаж байгаа. Манай газар өөрийн харъяаллын хоёр заалтай. Одоогоор эдгээр заалнууддаа тэмцээнүүдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд манай байгууллагын 70 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан бид анх удаа байгууллагын медалийг хийлгүүлж, 218 оны ААШ тэмцээний шилдгүүддээ өгч байгаа  нь багш тамирчдад их таалагдаж байгаа.” гэсэн юм.

Өнгөрөгч өдрүүдэд ААШ өсвөр үеийн гар бөмбөг, 100 буудалт даам, чөлөөт бөхийн тэмцээнүүд болж, нийт 500 гаруй баг тамирчин оролцсон байна.
Т.Одончимэг
関連ニュース