Цэвэрлэгээний төлбөрийг цахилгааны төлбөртэй хамт өгдөгийг болиуллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-20 14:20:21
Баянхонгор /МОНЦАМЭ/. Нийтийн орон сууцны орц, эзэмшлийн талбай цэвэрлэх цэвэрлэгээний төлбөрийг “Баянхонгор-Эрчим хүч” ХХК-ийн үйлчилгээний төлбөртэй хамтатган авч байсныг оршин суугчид эсэргүүцэж буйгаа удаа дараа илэрхийлж байсан. Тэгвэл энэ сараас тус төлбөрийг салгаж, “Цэвэр хот” ОНАХХК-ийн тусгай дансаар тооцоо хийж байхаар боллоо.
“Оршин суугчдыг олон дансанд төлбөрөө төлж цаг алдахаас сэргийлж, басхүү өрх бүрийн төлбөрийг төвлөрүүлэхэд чирэгдэлгүй байлгах үүднээс хамтатган авч байсан” хэмээн албаныхан тайлбарлаж байсан. Харин иргэдийн зүгээс “Эрчим хүчний төлбөр хэт өндөр гараад байгаа нь бусад байгууллагын хураамжийг хамтатган авч байгаатай холбоотой байгаа учир гомдолтой байна” гэдгээ шат шатанд илэрхийлж байсан юм.
Баянхонгор аймагт орчин тойрны цэвэрлэгээ үйлчилгээг хийж, хог хаягдлыг ачиж тээвэрлэх, цэвэр орчин бүрдүүлэх ажлыг аймгийн "Цэвэр хот" ОНӨХХК хариуцан гүйцэтгэдэг. Тухайн орон сууцны орц, нийтийн эзэмшлийн хашаа, ойр орчмын 50-100 метр хүртэлх зайд нийтийн цэвэрлэгээг тогтмол хийж, хог хаягдлыг түр агуулах саванд хийж хуваарийн дагуу ачуулах ажлыг хийсэн үйлчилгээнийхээ хөлсөнд нэг өрхөөс сар бүр 5000 төгрөг авдаг байна.
Тус үйлчилгээний хөлсийг сар бүр тушаах ёстой иргэдийн зарим нь төлбөрөөс зайлсхийх, эзэнгүй байдаг айлуудын төлбөр тооцоо хойшлох зэрэг олон хүндрэл гардаг тул одооноос тухайн байрны оршин суугчдын аль нэг нь төлбөрөө цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд цэвэрлэгээ үйлчилгээг шууд зогсоох арга хэмжээ авч ажиллахаар болжээ.
                                                                                                                                        Б.Мөнхзул
関連ニュース