“Цэмцгэр Баруун-Урт” аян зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-21 14:14:43
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан шар усны үер болон, орчны бохирдол үүсэх эрсдэл ихэсч, халдварт өвчин гарах магадлал эрс нэмэгддэг. Эдгээрээс урьдчилан сэргийлж, цасан доорх хог хаягдлыг цэвэрлэж, үерийн суваг шуудуу, далангийн авулгүй орчинг бүрдүүлэхийн тулд “Цэмцгэр Баруун-Урт аян”-ыг зарлажээ. Аян ирэх сарын 02 хүртэл үргэлжилнэ.

“Цаг агаар дулаарч цас хайлж байгаа учир цасан доороос маш их хог хаягдал гарч байна. энэ нь хөрсөнд болоод иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Ер нь ААНБ-ууд өөрийн байгууламжийн 50 хүртэлх метрийн хог болон цасыг цэвэрлэх ёстой. Харамсалтай нь үүнийг хэрэгжүүлдэг газар цөөхөн байдаг. Тиймээс бид энэ ажлыг нэгдсэн байдлаар албажуулж, дээрээс нь идэвхтэй сайн ажилласан албан байгууллагуудыг урамшуулах зорилгоор уг аянаа зарласан. Мэдээж манай газрынхан ч өөрсдийн үүрэгт ажлаа давхар гүйцэтгэж, цэмцгэр хотыг цогцлоохын төлөө хамтран зүтгэх болно. Одоогоор Баруун-Урт сумын 70 орчим байгууллагад аяны удирдамжаа хүргүүлээд байна. Зарим байгууллагууд хэдийн цэвэрлэгээний ажилдаа ороод эхэлсэн. Үүнээс гадна манай иргэд ч гэсэн байр, байшингийнхаа ойр орчмын хогийг цэвэрлэж, бидний ажлыг дэмжиж ажиллах хэрэгтэй” гэж Сүхбаатар тохижилт ОНӨҮГ-ын дарга Б.Мөнхгэрэл хэллээ.

Аяны удирдамжийн дагуу бүх ААНБ-ууд ойр орчмын хог хагядлыг 14 хоногийн хугацаанд цэвэрлэсэн байх юм. Харин хогоо цэвэрлээгүй байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох аж.
“Цэмцгэр Баруун-Урт аян”-ыг Сүхбаатар тохижилт ОНӨҮГ, Мэргэжлийн хяналтын газрууд хамтран зохион байгуулж байгаа юм.
   Т.Одончимэг             
 
関連ニュース