ДБХСан малчдыг хадгаламж зээлийн хоршоо байгуулахад нь аргазүйн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-03 16:49:23
Ховд /МОНЦАМЭ/ Хоньчин баатруудын өлгий нутаг гэгдэх Ховд аймгийн Дарви сум 627 малчин өрхтэй үүний 67 нь мянгат малчин байна. Малч ухаан, өв соёлоо хадгалан хамгаалах, бэлчээрийнхээ даацанд тохирсон чанартай, таваарлаг мал сүрэгтэй болохын тулд жил бүрийн хавар Малчдын баяр зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн Малчдын баярт тус сумын 500 малчин оролцлоо.

Энэ үеэр өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа хамтдаа ярилцаж, хамгийн гол нь  дэлхий нийтээр дулаарч, байгаль цаг агаар өөрчлөгдөж байгаа энэ цаг үед малын тоо толгойг нэмэгдүүлэх биш, мал сүргээ чанаржуулах, үүлдэр угсааг  нь сайжруулах, залуу малчдыг малжуулах, орон нутгийн хөгжилд хандив өргөх,бодит ажил хийх,бэлчээр зохистой ашиглах,хавар, намрын бүс нутаг тогтоох  талаар ярилцлаа. 
 
Дарви сумын мянгат малчид, улсын аварга 80 малчин тус бүр 10 хонь нийлүүлэн шинээр хадгаламж зээлийн хоршоо байгууллаа. 
Дарви сум арилжааны хоёр банкны зээлийн хүүнд жилдээ 500 орчим сая төгрөгийг гадагшаа өгчихдөг. Үүнийг багасгах өөрсдөө мөнгөн хадгаламжтай болох, зээлийн хэрэгцээгээ хангах нь хамгийн чухал. Дарви суманд шинээр байгуулагдсан хадгаламж зээлийн хоршоог  ДБХСан/WWF/-тай хамтарч  аргазүйн дэмжлэг үзүүлж байгаа аж. Тухайлбал ДБХСангийн Алтайн бүсийн Ховд салбар Малчдын хоршоог дэмжиж  Дарви сумын Ногоон хөгжлийн төлөвлөгөөг бусдад туршлага болгож сурталчлах, тус сумын Булган үзүүр нөхөрлөлийн оёдлын цехийг дэмжиж 6 сая төгрөг, малчин Оюунцэцэг малынхаа тоог цөөлж, ашиг шимийг нэмэгдүүлж, монгол уламжлалаа хадгалж, малынхаа бүтээгдхүүнээр гараар хийж болох бүхий л хувцас эдлэл хийдэг арга ухааныг дэмжиж 3 сая төгрөгийн дэмжлэг тус тус үзүүлсэн байна үзүүлсэн байна.

Дарви сумын малчдын баярт оролцсон малчид нэгдэж зөвлөмж гаргажээ.
А.Бямбасүрэн

関連ニュース