Япон-Хятад-Өмнөд Солонгосын дээд түвшний уулзалт Япон улсад болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-08 14:50:03
ТОКИО./ТАСС/. Япон, Хятад болон Өмнөд Солонгос улс 5 дугаар сарын 9-нд Токиод болох гэж буй гурван улсын уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудыг нарийвчлан зөвшилцөх сүүлчийн шатны хэлэлцээг хийж эхэлжээ. Энэ тухай өнөөдөр Японы телевизийн NHK суваг мэдээллээ.
 
Уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ли Көцян Япон улсад анх удаагаа албан ёсны айлчлал хийх аж. Тэрбээр дээд түвшний уулзалтад оролцохоос гадна Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах юм. Уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудал нь Дорнод Хятадын тэнгисийн районд далайд болон агаарын орон зайд мөргөлдөөн дэгдэхээс сэргийлэх механизмыг нарийвчлан зөвшилцөх явдал ажээ. Япон улс нь Сенкаку /хятадаар Дяоюйдао/ арлын эзэнгүй арлуудын эзэмшлийн асуудлаар Хятадтай маргаантай байгаа юм.
 
Айлчлалынхаа үеэр Ли Көцян Японы бизнесийн холбооноос /Кейданрэн/ зохион байгуулах арга хэмжээнд оролцож, Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгын талаар ярих аж. Мөн эзэн хаан Акихитод бараалхах бололтой.
 
Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Японд албан ёсны айлчлал хийхгүй аж.  
 
Хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сард Сөүл хотод гурван улсын дээд түвшний уулзалт болж байжээ.
 
Э.Аянзаяа
 
 
 
 

関連ニュース