МСНЭ-ийн Архангай дахь салбар зөвлөлийн даргаар Б.Баясгалан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-12 14:45:57
Архангай /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Архангай аймаг дахь “Сайн-Оюут” салбар зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаар “Сайн-Оюут” салбар зөвлөлийн дарга О.Амарзаяа өөрийн хүсэлтээр салбарын даргын ажил, тамга тэмдгийг “Архангайн толь” сонин эрхлэгч Б.Баясгаланд шилжүүллээ. Гишүүдийн зуун хувийн саналаар Б.Баясгаланг салбарын даргаар сонголоо.

Тэргүүлэгчдэд МОНЦАМЭ агентлагийн Архангай дахь сурвалжлагч Б.Гэрэлт-Од, “Архангайн амьдрал” сонины редактор Ц.Өнөрцэцэг, “Тамир” телевизийн найруулагч П.Өлзий, гэрэл зурагчин Б.Цээпил нарын нэрийг О.Амарзаяа дэвшүүлсэн нь гишүүдийн 100 хувийн саналаар мөн баталгаажлаа.

Хурлын үеэр орон нутагт МСНЭ-ийн салбар зөвлөл, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны салбарууд нэг удирдлагатай байх хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн юм. Мөн Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны 15 жилийн ойд зориулж хийх ажлуудын талаар ярилцлаа.
Б.Гэрэлт-Од
関連ニュース