Оросын тагнуулч асныг "цэвэр" химийн бодисоор хордуулсан нь тогтоогдсон гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ГААГ. /Эн-Эйч-Кэй/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг Их Британид маш хортой химийн бодисоор хордуулсан нь тогтоогдсон гэж Нидерландын Гааг хотод төвтэй Химийн зэвсгийг хориглох байгууллага /ХЗХБ/ мэдэгджээ.
“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, С.Скрипалийг охиных нь хамтаар Орост үйлдвэрлэсэн “Новичок” хэмээх мэдрэл саажуулах үйлчилгээтэй химийн хорт бодисоор хордуулсан гэх хэргийг Их Британийн Засгийн газрын хүсэлтээр ХЗХБ шалгаж, шалгалтын дүнгээ пүрэв гарагт буюу өчигдөр танилцуулсан байна.
“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, С.Скрипалийг охиных нь хамтаар Орост үйлдвэрлэсэн “Новичок” хэмээх мэдрэл саажуулах үйлчилгээтэй химийн хорт бодисоор хордуулсан гэх хэргийг Их Британийн Засгийн газрын хүсэлтээр ХЗХБ шалгаж, шалгалтын дүнгээ пүрэв гарагт буюу өчигдөр танилцуулсан байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр Английн өмнөд нутгийн Салисбури хотын гудамжинд ухаан алдсан байдалтай байхад нь С.Скрипаль, түүний охин Юлия нарыг хүмүүс олж, эмнэлэгт хүргэсэн юм.
ХЗХБ мэдэгдэхдээ “С.Скрипалийн цуснаас авсан шинжилгээний хариу болон бусад шинжилгээний хариу Их Британийн холбогдох албаны хүмүүсийн хэлсэнтэй адил гарсан. Өөрөөр хэлбэл, түүнийг “цэвэр” химийн бодисоор хордуулсан нь тогтоогдсон” гэжээ.
Гэхдээ тус байгууллага чухам ямар химийн бодис гэдгийг тодорхой хэлээгүй бөгөөд “Химийн бодисын нэр нь нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл” гэсэн тайлбар өгчээ.
ХЗХБ шалгалтын дүнг танилцуулсны дараа Их Британийн Гадаад харилцааны сайд Борис Жонсон мэдэгдэл хийхдээ “Энэ хэргийн хариуцлагыг хэнд хүлээлгэх нь тодорхой. Оросоос өөр хувилбар байхгүй”гэсэн байна.
Харин ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэхдээ “Оросын шинжээчдийг багтаагаагүй ямар ч шалгалт шинжилгээний багийн гаргасан дүгнэлтэд Москва итгэхгүй” гээд “С.Скрипалийн хэрэг бол Оросыг гүтгэх, олон нийтийн санаа бодлыг урвуулах гэсэн Лондоны явуулга” гэжээ.
Г.Доржханд