Монгол гэрийн иж бүрдлийг эсгий ширж хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-29 19:53:12
Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын эсгий ширмэлийн "Уялага” бүлгийн гишүүн бүсгүйчүүд монгол гэр доторх иж бүрдлийг эсгийгээр ширж хийсэн байна. Иж бүрдэлд гэрийн хөшиг, хөмсөг, өрхний шургуулга, хос өрх, хаяавч, олбог, аравч, аяга халбага, шагайны уут, утас зүүний сав, ариун цэврийн цаас, салфетикны хайрцаг, сандал, диван буйдангийн бүтээлэг зэрэг Монгол гэрт хэрэглэгддэг хориод нэр төрлийн 50 гаруй эсгий ширмэл бүтээлүүд багтжээ.

Энэ ажлыг тус бүлгийн ахлагч Цэрэнгомбын Батнасан санаачлан 6 гишүүнийхээ хамтаар урласан байна. Гэрийн иж бүрдлийг урлахдаа таван сарын хугацаа зарцуулсан бөгөөд ширмэлдээ бэлэн эсгийнцэр ашигладаг байна.

"Одоогоор 4-5 гэрийн иж бүрдлийг эсгий ширж хийгээд байна. Нэг метр квадрат эсгий ширмэлийг 85 мянган төгрөгөөр худалдаалдаг. Нэг гэрт ойролцоогоор 100 гаруй метр квадрат эсгий ширмэл бүтээгдэхүүн ордог. Одоохондоо бүтэн гэрийн иж бүрдэл авсан хүн байхгүй. Зөвхөн өөрийнхөө гэрийг л бүрэн тоноглосон. Харин гэрийн дотор хөшиг 2-3-ыг захиалгаар хийсэн. Нэг гэрийн дотор хөшгийг 2,9 сая төгрөгөөр борлуулдаг. Эр, эм олбог тус бүр 100 ширхэг захиалсныг хийж өгсөн. Бүлгийн гишүүд маань ширсэн бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр өдөр өдөртөө цалин урамшууллаа аваад явдаг. Манайхны зарим нь сардаа бараг сая дөхүүлж цалин авдаг" хэмээн Ц.Батнасан өгүүллээ. 

Тэрбээр өнөөдөр Улаангом хотноо болж байгаа "Увс-өв соёл" наадамд монгол гэрийн ширмэл иж бүрдэлээр оролцохоор бүлгийнхээ гишүүн бүсгүйчүүдийн хамтаар сумаасаа хүрэлцэн ирсэн байлаа.

Ц.Батнасан нь ширмэлийн бүтээлүүд урлахаас гадна баяд ястны өв уламжлал болсон эмээлийг дэлхийн өвд бүртгүүлэхээр зориг шулуудан ажиллаж байна. Уран гартай, хөдөлмөрч гэдгээрээ нутагтаа алдартай тэрээр анх 2016 оноос баяд ширмэлийн урлагийг судалж, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор ийнхүү цехээ байгуулжээ. Одоо бүлгийн гишүүд нь 21 болж нэмэгдсэн бөгөөд тэдэндээ мэргэжлийн сургагч багшаар баяд ширмэлийн талаар хичээл заалгажээ.
Мөн хил залгаа оршдог ОХУ-ын Тува улсын иргэдэд ширмэл бүтээгдэхүүнээ захиалгаар нийлүүлдэг бөгөөд энэ сарын 26-27-ны өдрүүдэд Кызыл хотноо болох "Увс аймгийн өдрүүд" арга хэмжээнд "Уялага" бүлгийн гишүүд оролцож, бүтээгдэхүүнээ сурталчлахаар болсон байна.
Б.Батхүү
関連ニュース