Сүхбаатар аймаг 2020 он гэхэд ЖДҮ-ийг бүрэн хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-30 17:21:38
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн парк /ҮТП/-ын хоёр, гуравдугаар бүсэд байгуулагдах үйлдвэрүүдийн төсөл зарлагджээ. Хоёр жилийн хугацаанд төлөвлөсөн бүх үйлдвэрүүд байгуулагдаж дуусвал Сүхбаатар аймаг 2020 он гэхэд ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар ярих шаардлагагүй болно гэж ҮТП-ын захирал Т.Шинэхүү хэллээ.

Тэрээр “Одоогоор паркын нэгдүгээр бүсэд гурван үйлдвэр байгуулагдаад байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар энэ бүсийн үйлдвэрүүд дахин нэмэгдэнэ. Цаашид 120 м2 талбай бүхий өвөл зуны хүлэмж 12 ширхэг, 180 м2 сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн барилга, 200 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорийн зураг төслүүд хийгдэж эхлээд байна. Эдгээр нь энэ жилийн аймгийн төсөвт суусан учраас ирэх намар гэхэд ашиглалтад орно. Дээр нь аймгийн ЖДҮ хөгжүүлэх сангаас 500 сая төгрөг орж ирнэ. Энэ мөнгөөр толгой, шийр боловсруулах, нэхий боловсруулах, яс боловсруулах, сүүний чиглэлэийн үнээний ферм, сум бүрт загвар сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах гэсэн таван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Мөн энэ тавдугаар сард багтаан өөх боловсруулах, хуванцар сав боловсруулах, цаас боловсруулах жижиг төслүүдийг хэрэгжүүлэх гэж байна. Гэхдээ эдгээр нь эцсийн бүтээгдэхүүн биш түүхий эд хэлбэрээр бэлтгээд үйлдвэрт нийлүүлэх зорилготой юм. Дээрх ажилд нийт дөрөв орчим тэрбум төгрөг шардлагатай. Орон нутаг болон улсын төсвийн хамтарсан хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ. Бид паркаа дөрвөн бүсэд хөгжүүлэхээр төлөвлөсөн. Ингээд 2020 он гэхэд нэг, хоёр, гуравдугаар бүс цогцоороо хөгжинө. Улмаар бид дахин ЖДҮ-ийг хөгжүүлэх ямар ч шаардлагагүй болно. Харин тэр үед парк маань дөрөвдүгээр бүсээ түшиглэсэн тээвэр ложистикийн компани болно гэсэн зорилт дэвшүүлж байгаа” гэв.
                                                                                                                                                              Т.Одончимэг

関連ニュース