Орон нутгийн эдийн засгийг олон тулгууртай болгох зорилт дэвшүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхантай ярилцлаа.
-Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлж үйл ажиллагааг нь чанаржуулах нь юу юунаас илүү чухал. Энэ чиглэлээр хийж байгаа ажлаасаа ярина уу?
-Энэ байгууллага нь дээрээ харъяалалгүй, дэргэдээсээ дэмжих дэмжлэг маш багатай шинэ байгууллага. Тийм учраас энэ байгууллагыг бэхжүүлэхийн төлөө үе үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагыг удирдаж байсан шат шатны удирдлагууд, идэвхтэн сонгуультнууд нэлээд ажлуудыг хийж ирсэн. Ховд аймгийн хувьд Хурлын байгууллага нь өөрөөсөө сонгосон Засаг дарга, түүний Тамгын газрын зарц мэтээр ажилладаг, албат мэтээр ажилладаг байдлаас салгахын төлөө зүтгэн ажиллаж байна. Үүний тулд бие даасан, өөрийн гэсэн бүтэцтэй, орон нутаг дахь нийгэм эдийн засгийн бүхий л асуудлаар шийдвэр гаргах бололцоотой, чадвартай, Ажлын албатай, 4 жилээр сонгогдоод ирж буй Төлөөлөгчдийг Ажлын албаар дамжуулан, чиглүүлэн сурган дадлагажуулж, хуулийн хүрээнд зөв шийдвэр гаргуулж хэрэгжилтийг нь хангуулдаг байгууллага болохын тулд олон зүйлийг хийсэн. Манай аймгийн ИТХ нь дотроо 3 хэлтэстэй 3 дахь жилдээ ажиллаж байна. Энэ байгууллага нь иргэдийн Төлөөлөлд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргахад нь, асуудал боловсруулахад нь, гаргасан шийдвэрт хяналт тавихад нь, мөн доод шатны иргэдийн Хурлын байгууллагад зөвлөгөө өгөх, үйл ажиллагаанд чиглүүлэх зэргээр дэмжлэг туслах асуудалд анхаарал хандуулан ажилладаг мэргэжлийн Төрийн албан хаагчдаас бүрдсэн тогтвортой ажиллагаатай байгууллага болохын төлөө ажиллаж байна.
-Сүүлийн үед хурлаас хэд хэдэн чухал бодлогын баримт бичгүүдийг гаргасан томоохон хөрөнгө оруулалтуудаас амжилттай хэрэгжиж байгаа төслүүдээс дурьдахгүй юу?
-Өнөөгийн байдлаар хамгийн амжилттай хэрэгжиж яваа гол төслүүд бол Эрдэнэбүрэн сумын нутаг Шижигтийн хавцалд Ховд голд Усан цахилгаан станц барих төслийн баг нь Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаад ажилдаа орсон, хөрөнгө оруулагч олох, Усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлээд байна. Нөгөө нь Ховд аймагт жилд 500 мянган тоннын хүчин чадал бүхий Цементийн боловсруулах үйлдвэр барих төсөл юм. Цементийн үйлдвэрийг Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Ховдын цемент, шохой” ХХК нь цементийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулж, үйлдвэрийн газар, үйлдвэрт шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл болон бусад бичиг баримтуудаа бүрдүүлээд байна. Үйлдвэр байгуулах хөрсний геологи, уул уурхайн судалгаа хийгээд дууслаа. Энэ ондоо багтаж үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж 2016 онд 11 сар гэхэд Ховд аймагт цементийн үйлдвэр баригдаж дуусах юм.
Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Ховд аймгийн ИТХ энэ хугацаанд шинэчлэн боловсруулж, ерөнхий төлөвлөгөөг батлуулж, ирээдүйд Ховд аймаг Монголын баруун бүс нутгийн үйлдвэрлэл, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, транзет тээвэр, бусад салбарууд эрчимтэй хөгжсөн, бүс нутгийнхаа таталцлын төв болон хөгжих зорилтыг тавьж байна.
-Хөшөөтийн уурхайгаас орон нутаг юу хүртэв, уурхайг ашигласны ач холбогдол гарч байна уу?
-Хөшөөт төслийг эхлүүлснээр Хөшөөтийн нүүрсний уурхай дээр нийтдээ 800 гаруй ажлын байр шинээр бий болж, 70 гаруй аж ахуйн нэгжүүд уурхай дээр ямар нэгэн байдлаар ажил, үйлчилгээ явуулж байна. Монгол улсын төдийгүй дэлхийн хэмжээнд нүүрсний үнэ хамгийн доод цэгтээ унасан, борлуулалт маш бага байгаа ийм хүнд үед Хөшөөтийн уурхай олборлолтын ажлаа эхлүүлж, борлуулалтаа бас хийж байна. Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор БНХАУ-ын талд эрчим хүчний нөөцийг борлуулж байна. Ховд аймгийн сумдууд, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэглээний нүүрсийг нийлүүлж байна. Хөшөөт төслийн гэрээний гол агуулга нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн ил тод байдлыг хангах, мөн уурхайд ажиллаж буй нийт иргэдийн 70 орчим хувийг орон нутгаас ажиллуулах, ханган нийлүүлэлтийн 50-аас доошгүй хувийг орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хийх, Хөшөөтийн нүүрснээс тодорхой хувь хэмжээг орон нутгийн ирээдүйн хэрэгцээнд авч үлдэх, Ховд аймаг, МоЭнКо ХХК хамтран орон нутгийн хэрэглээний ажлыг зохион байгуулах, Хөшөөт тосгоны нүүлгэн шилжүүлэх, Ховд-Хөшөөт хөгжлийн санг байгуулж борлуулалтын орлогын хувь хэмжээнээс шалтгаалан жил бүр тодорхой мөнгийг төвлөрүүлж Ховд аймгийн нийт иргэдийн боловсрол, эрүүл мэнд, бусад нийгмийн асуудлыг шийдэхэд нь хамтран хэрэгжүүлж байхаар тусгасан гэрээг байгуулсан.
-Нутгийн удирдлагын салбарт ямар шинэчлэл явагдаж байна вэ?
-Нутгийн удирдлагын байгууллага нь өөрөө шинэ байгууллага. Гэхдээ нутгийн удирдлагын байгууллагыг иргэд сонгож, орон нутгийн удирдлагын түвшинд өөрийнхөө оролцоог төлөөлүүлэх хүнээ сонгож гаргадаг учраас үе үеийн иргэдийн хуралд янз бүрийн боловсролтой, амьдралын янз бүрийн түвшинд амьдардаг олон хүмүүс цуглаж ажилладаг. Гэхдээ анх эхэлж байснаа бодвол өнөөдөр хавьгүй их амжилтыг олсон. Цаашдаа ч их амжилтанд хүрнэ гэж ойлгож, бодож явдаг. Хамгийн гол нь нутгийн удирдлагын байгууллагын өөрийнх нь үүрэг, функцийг зөв тодорхойлж, төрийн захиргааны байгууллагатай харьцах харьцааг нь бодлогын болон хууль эрх зүйн зарим шинэчлэлүүдийг зайлшгүй хийх ёстой гэж боддог. Үүнийг бид биш УИХ боловсруулан батлаж, орон нутагт хэрэгжүүлэх байх гэж бодож байна.
А.Бямбасүрэн